Төсөл боловсруулах, санхүүжилт олох мэдлэг чадвар эзэмшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-04 16:39:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 24 агентлаг, 15 сумын мэргэжилтнүүдэд “Ашгийн бус төсөл боловсруулах онол, арга зүй” сургалтыг 3 дугаар сарын 3-4-нд зохион байгууллаа.

2022 оныг тус аймаг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зорилт тавьж, тус зорилтын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм. Холбогдох мэргэжилтнүүдэд ашгийн бус төслийн тухай ойлголт өгч, төслийн удирдлагын нэгдсэн заавар ISO 21500 стандарт болон төсөл боловсруулах, санхүүжилт олж авах мэдлэг олгох зорилго бүхий энэхүү сургалтыг Технож Бизнес Инкубатор төвийн захирал, төслийн зөвлөх Г.Галаарийдий, Удирдлагын академийн ахлах багш Ч.Баатар нар удирдаж байна.

Тус сургалтын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат хэлэхдээ “энэ жилийн хувьд төрийн бүх шатны байгууллага, сумд тухайн салбарын болон иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор нэгээс доошгүй төсөл бичих, түүнийг хэрэгжүүлэх, санхүүжилт олж авах тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, олон улсын байгууллага, Элчин сайдын яамны дэргэдэх төслийн байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнуудад хандаж санхүүжилтээ шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхаарна” гэлээ.  

Сургалтын дараа оролцогчид 30 хоногийн хугацаанд багш нартайгаа цахимаар холбогдон, зөвлөгөө өвч, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулах аж. 

Холбоотой мэдээ