Эрүүгийн хэргийн тоо 26.1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-25 12:14:46

Монгол Улсын Шүүхээр энэ оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 26.1 хувь, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувь буурсан талаар өнөөдөр ШЕЗ-өөс мэдээлэв.

Энэ оны эхний хагас жилд шүүхэд нийт 2590 гэмт хэргийг хүлээн авснаас 2636 хэргийг хянан шийдвэрлэж, 2971 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан байна. Энэ оны эхний хагас жилд улс, иргэнд 8 тэрбум 236 сая 309 мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 иргэний биед хүнд болон хөнгөвтөр гэмтэл учирсан хэмээн ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээллийн сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэллээ.

Мөн 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болсонтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхүүд ачаалал ихтэй ажилласан байна. Сонгуулийн дараа Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгогчид мөнгө тараасан, санал өгөхөд нь нөлөөлсөн зэрэг нийт 159 гомдол иржээ. Үүнээс 143 хэргийг нь шийдвэрлэсэн бөгөөд ихэнхийг нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгчид нь буцаасан байна. Үлдсэн хэргүүдийг хянан шалгах ажиллагаа үргэлжилж байгааг ШЕЗ-ийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг мэдээлэв.

Тэрбээр, “Сонгуультай холбоотой хэрэг 2012 онтой харьцуулахад тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Зарим хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33 мянга 254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21 мянга 242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь 6 хувиар өссөн байна. Үүнд худалдах-худалдан авах гэрээний маргаан, зээлийн гэрээний маргаан өссөн нь голлон нөлөөлжээ.

Шүүхийн үйл ажиллагааг хөнгөвчлөх иргэдийн маргаанаа шуурхай шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зохион байгуулах болсон. Энэ оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлагчид 5695 маргааныг шийдвэрлэсэн байна. Үүнээс 4023 маргаан буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ