Архуст суманд 40 ортой шинэ дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-28 17:06:16

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Архуст суманд 40 ортой шинэ дотуур байрыг улсын төсвийн 619 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хабул Констракшн” ХХК гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Архуст сумын Ерөнхий боловсролын сургууль нь 30 багш, ажилтантай, 200 сурагчтай үйл ажиллагаа явуулдаг. Тал хээрийн бүсэд оршдог учир сурагчдын багагүй хувийг малчдын хүүхэд эзэлж байна. ЕБС-ийн дотуур байр нь Бамын байрыг түшиглэн 1984 онд барьж 1990 оноос хойш 25 ортой дотуур байрны зориулалтаар ашиглалтад орж байсан бөгөөд зайлшгүй шинэчлэн барих шаардлага тулгараад байсан юм.

Учир нь 25 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 40 хүүхэд хүлээж авдаг. Мөн ЕБС-ийн 1, 2 дугаар анги хичээллэдэг, гал тогоо байрладаг гээд олон үйл ажиллагаа явуулдаг зэргийг харгалзан шинэ дотуур байр барих ажлыг 2020 оны 6 дугаар сард эхлүүлж байжээ.

Шинэ дотуур байр нь сүүлийн үеийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд тасаг бүр нь дотроо ариун цэврийн өрөө, хувцасны шүүгээ, хичээл давтах ширээ, сандалтай зэрэг хүүхдэд ээлтэй, тохилог орчин бүрджээ.


Шинэ байрны тохижилттой холбогдуулан сум, орон нутаг, сургуулийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг Боловсрол шинжлэх ухааны сайдад уламжлан, 15 нэр төрлийн 31,2 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн өглөө.

 

Холбоотой мэдээ