Узбекистаныг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх асуудлаарх хоёр талын уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 10:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсүүлэх үйл явцыг хурдасгах, зах зээлд нэвтрэх талаар манай улстай хийх хоёр талын яриа хэлэлцээг эцэслэх чиглэлээрх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.


Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахлав. Тэрбээр, БНУзбУ нь ДХБ-ын гишүүн болох чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг нь сайшааж, тус байгууллагын гишүүн болсноор олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Энэ талаар Узбекистаны талтай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Манай хоёр улс нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаа нь хоёр улс далайд гарцгүйн улмаас худалдааны зардал, зарцуулж буй хугацаа их байгаатай холбоотой аж.


БНУзбУ нь ДХБ-д гишүүнээр элссэнээр манай хоёр улс нэн тааламжтай үндэсний нөхцөлөөр худалдаа хийх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Төв Азийн чиглэлээр хөгжүүлж буй манай улсын гадаад бодлогыг тэнцвэртэй байлгах үүднээс тус улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны яам мэдээллээ. 


Холбоотой мэдээ