Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх сарын 1-ний 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн талаар тус Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Тус ажлын баг дээрх хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах юм.
Дээрх ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ажлын багийн гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.
Дээрх хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд дараах холбоосоор хандаж бүртгүүлэх юм байна.
БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing
Мөнгөн зээлиийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.