Хэнтий аймгийн баяр наадам энэ сарын 30, 31-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-21 15:08:54

Ардын хувьсгалын 95 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам, хурдан морины Зүүн бүсийн уралдаан энэ сарын 30-31-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод болно. 

Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Бор-Өндөр, Биндэр, Бэрх тосгон болон Галшар, Норовлин зэрэг сумд энэ сарын 15-18-ны хооронд баяр наадмаа амжилттай зохион байгуулсан бөгөөд Галшар сум 22-23-ны өдрүүдэд энэ жилийнхээ хоёр дахь наадам болгож “Галшар адууны баяр” хийх гэж байна.

Уг наадам нь Монгол улс анх удаа Галшарын адууг "адууны үүлдэр" болгон албан ёсоор баталгаажуулсантай холбоотой аж. Түүнчлэн Батноров сумын наадам 20-22-ны өдрүүдэд “Гурван түмэн адуу”-ны баяртай хамт болох гэнэ. Мөн Баян-Адрага сум 20-21-нд сумын баяр наадмаа, 22-23-ны өдрүүдэд “Монгол хатад” анхдугаар наадмыг тус тус нижгэр зохион байгуулна. Мөн Дархан сум 19-20, Баянмөнх, Цэнхэрмандал сумд 20-21, Дадал, Дэлгэрхаан, Мөрөн сумд 21-22, Баянхутаг, Жаргалтхаан сумд 22-23, Өмнөдэлгэр сум 24-25-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгуулахаар товложээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ