Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-27 20:27:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар маргааш 08.30 цагт ээлжит бусаар хуралдахаар товлов.


Хуралдаанаар, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэж, 2022 оны төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган эл асуудлыг хэлэлцэн хуулийн төслүүдийг батлах юм.


Урьдчилсан байдлаар, ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэмжийг 288 мянган төгрөгт хэвээр үлдээхээр 2022 оны төсвийн хуулийн төслүүдийг боловсруулж байгаа аж. Дээрх тооцоогоор, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудалд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг зохицуулах хэрэгцээ үүсэж байгаа юм. Засгийн газар төсвийн зохицуулалт хийхдээ, яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй төслийг царцааж байгаа аж.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлийг өчигдөр Засгийн газарт өгсөн юм. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулах шаардлагатайг сануулсан.


Инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг төрийн тэргүүн илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ