13 жилийн хүлээлт ба Монголын Засгийн газар, Рио Тинтогийн ойлголцол

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-01-25 19:54:14

Дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайнуудын нэг Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардалтай холбоотой Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто компани хоорондын маргаан өнөөдөр бүрэн шийдэгдлээ. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн өрийг тэглэх, гүний уурхайн анхны тэсэлгээ хийх үйл явдлууд зэрэгцэв.


Оюу Толгойн ордын үр ашгийг нэмэгдүүлэх тухай УИХ-ын 103-р тогтоол ийнхүү Монгол Улсын Засгийн Газрын хүчин чармайлтын дүнд хэрэгжиж эхэллээ. Монголын тал энэ төслөөс өөрийн эзэмшлийн 34 хувийнхаа ашгийг хүртэж эхлээ ч үгүй байхдаа 2.3 тэрбум долларын өртэй болсноор барахгүй ирээдүйд 22 тэрбум доллар төлөх болсон байлаа. Олон жил яригдаж, маргаан шуугиан дунд явж ирсэн энэ асуудал Монгол Улсын Засгийн Газрын хүчин чармайлтын үр дүнд байж болох хамгийн сайн хувилбараар шийдэгдэж байгаа нь маш том үйл явдал.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь Монголын ард түмэн хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй хэрэг. Гэхдээ энэ бол Рио Тинтод олгож буй сүүлчийн боломж шүү гэдгийг эелдэгээр анхааруулаад авлаа. 13 жил үр ашиг хүлээлгэсэн энэ төсөл нэг мэдэхэд бараг 100 жил хуримтлагдсан Оросын их өрнөөс ч илүү хэмжээний өртэй болчихсон байсан юм. Үүнийг ухаалаг арга барилаар, уйгагүй хичээж олон удаагийн хэлэлцээ хийж зүтгэсний хүчинд сайн тал руу эргүүлж буй нь онцлохоос аргагүй явдал.


            Ойлголцол


Оны өмнө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн Газрын шаардлагыг хүлээн авч,

-Монголын талд үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх

-Дубайн гэрээг цуцлах

-Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг бүрэн хариуцах

-“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмж өр үүсэхгүй байх гэх мэт санал ирүүлсэн юм.

Ингээд өнөөдөр /2022.01.25/ Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурснаар уг төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэв. 

 


Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотолж байгаа явдал юм гэдгийг Ерөнхий сайд онцолж байв. Үнэхээр энэ үйл явдал бол бол гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт өгөх, хамтрах итгэл төрүүлэх сайн нөлөөтэй гэж туршлагатай ажиглагчид дүгнэж байна. Гэхдээ бүх зүйл үүгээр дууссан гэсэн үг биш. Хэлэлцээр одоо ч үргэлжилж байгааг мартаж болохгүй. 


 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Оюу толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр бол Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсан. Оюу толгой төсөл эхлэхэд тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюу толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон байв. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжилсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулалгүй, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна”


Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм:

“Олон хүний хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэг, олон удаагийн харилцан яриа хэлэлцээрийн үр дүнд санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудалд гарц шийдэл оллоо. Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэв. Мөн гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, цааш хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг би ойлгохыг хүссэн. Бид Оюу толгойг дэлхийн энтэй томоохон уурхайнуудын нэг болгож, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тууштай, зогсолтгүй урагшлах замд нь мордуулж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс бол хойч үедээ ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай зүйл. Мөн өнөөдрийн үйл ажиллагаа стратегийн түншлэлээ харилцан итгэлцэлд тулгуурлан бэхжүүлэх, харилцааг шинээр эхэлж буйг бэлгэдэж байна”.


 


Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг дангаараа бүрдүүлнэ


Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.  Ингэснээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.
Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх юм.

 

Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцах юм.

 

                Оюу толгой бол олборлолт хайгуулын маш найдвартай суурь судалгаатай, асар өндөр ашигтай тооцоо бүхий уурхай.  Зөвхөн бүтээгдэхүүн экспортлох бус өөр бусад үйлчилгээгээ борлуулах боломж ч давхар нээгдэж байгаа гэж хэлж болно.

 

Оюу толгойн экспорт нийт экспортын 15 хувийг эзэлж, төлсөн татвар хураамж нь төсвийн орлогын 7-13 хувийг бүрдүүлдэг. Цар тахлын үед Оюу толгой нь өмнөх 8 жилийн дунджаас өндөр хувиар улсын татварын орлогыг бүрдүүлж чаджээ. 2020 оны байдлаар л гэхэд 12 мянга гаруй ажилтны 95.4 хувь нь Монгол Улсын иргэд байв. Тэдний орлого цар тахлын нөлөөнөөс үл хамааран 2020 онд өссөн байна. Мөн шууд бус байдлаар ханган нийлүүлэгчдийнхээ ажлын байраар хангах гэх мэтээр цар тахлын үеийн хямралын ачаанаас үүрэлцэж чадсан нь эдийн засгийн хувьд үнэ цэн өндөртэйг харуулж байгаа хэрэг юм.




 

Холбоотой мэдээ