Саппоро хотын Цасны баярыг цахимаар зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-20 10:54:43

ТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Саппоро хотын Цасны баярыг зохион байгуулагчид коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан баярын үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулахаар болсноо мэдэгджээ.


Энэхүү баяр нь Хоккайдо арал дээр өвлийн улиралд зохиогддог гол үйл ажиллагаануудын нэг бөгөөд жил тутам хоёр сая орчим хүн үзэж сонирхдог юм.


Энэ жил Цасны баярыг Саппорогийн төв дэх “Одори” паркт хоёрдугаар сарын 5-наас эхлэн найман хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Гэвч лхагва гарагт зохион байгуулагчид паркт асар том бүтээлүүдийг дэлгэхийн оронд өөр байршилд нэг юм уу хоёр бүтээлийг үзүүлж, тэдгээрийн хэрхэн бүтсэн дүрс бичлэгийг нийтлэхээр болсноо мэдэгджээ.


Мөн гэрэл зургийн тэмцээнийг баярын албан ёсны цахим хуудсаар явуулах юм байна. Зохион байгуулагчдын хувьд ийм шийдвэр гаргах болсондоо сэтгэл дундуур байгаа ч олон нийт халдварын одоогийн нөхцөл байдлыг харгалзан ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Саппорогийн Цасны цахим баяр хоёрдугаар сарын 5-28-нд болно. 

Холбоотой мэдээ