Жүдочдын олон улсын хамтарсан бэлтгэл Ташкент хотноо үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-19 14:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотын JAR спорт, эрүүл мэндийн цогцолборт жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилт үргэлжилж байна.

 

Нэгдсэн бэлтгэл нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хамтарсан бэлтгэлд ОХУ, Австри, Ливан, Энэтхэг, Монгол, Казахстан, Киргиз улсын шигшээ багийн нийт 500 гаруй жүдоч хамрагдаж байна. Монголын улсын шигшээ багаас эрэгтэй, эмэгтэй нийт 21 тамирчин хамрагдаад байгаа юм. Тэднийг “Чельябинск-2014” ДАШТ-ий аварга, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар дасгалжуулж байна.

 

Энэ нь 2022 оны жүдо бөхийн шинэ улиралд оролцох шигшээ багуудын бэлтгэлийн эхний цугларалт болж байгаа аж. Манай баг тамирчид хамтарсан бэлтгэлээ өндөрлүүлээд энэ сарын 25-нд эхлэх ОУЖБХ /IJF/-ны энэ оны эхний дэлхийн цувралд оролцоно. Энэ оны эхний дэлхийн цуврал тэмцээн Португалын Алмада хотноо энэ сарын 25-нд Гран при ангиллаар эхлэх юм.

 

Узбекистанд болж буй хамтарсан бэлтгэл нь энэ жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн XIX наадам, наймдугаар сард Ташкент хотноо зохион байгуулах насанд хүрэгчдийн ДАШТ-д ихээхэн ач холбогдолтой хэмээн онцолжээ.


“Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг

 

Эрэгтэй. 60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/

 

66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/

 

73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/

 

81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/

 

90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/

 

-100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/

 

+100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/

 

Эмэгтэй. 48 кг: Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/

 

52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/

 

57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/

 

63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/

 

70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/

 

-78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/

 

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/

 

Дасгалжуулагч: Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа

Холбоотой мэдээ