Э.Даалхай: Модон таваг эдэлгээ, чанар сайтай тул эрэлт ихтэй байна

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-18 22:10:39

Увс /МОНЦАМЭ/.  Тэс сумын иргэн Э.Даалхай нь нутагтаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, аж амьдралаа залгуулж байна. Тэрбээр хуванцар савыг ахуйн хэрэглээнээс халахын тулд модоор төрөл бүрийн эко таваг урлаж, орон нутгийнхаа зах зээлд худалдан борлуулж байна. Энэ талаар түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.   
“Би 24 настай. Эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхэд байхаасаа л модоор янз бүрийн хэлбэр дүрс бүхий эд зүйлс сийлж ирсэн. Анхны бүтээл болох сүүний цацлаа наймдугаар ангидаа урласнаас хойш овоо хэдийг хийж ах дүү, хамаатан садандаа худалдан борлуулж байсан.

Манай аав болон өвөө маань гарын ур дүйтэй хүмүүс тул энэ нь надад удамшсан. Өвөө маань баяд эмээл, авдар, шүүгээ, гэрийн мод хийдэг байлаа. Аав маань ч мөн адил. Хүүхэд байхаасаа л модон эдлэл яаж хийхийг нүдээр харж, заримдаа аав, өвөөдөө тусалдаг байсан болохоор модоор юм хийхэд надад хэцүү биш, харин ч сонирхолтой байдаг.

Өнгөрсөн жилээс эхлэн ханийнхаа санаачилгаар модоор төрөл бүрийн таваг хийж зах зээлд нийлүүлэх болсон. Байгалийн цэвэр эко бүтээгдэхүүн ашиглаж модон таваг хийдэг болохоор эдэлгээ, чанар сайтай, эрэлт ч ихтэй.

Хэдийгээр харахад энгийн нэгэн модон таваг боловч хийхэд ажиллагаатай. Хэмжээний дагуу модоо хөрөөдөж, дараа нь хүрээ гаргадаг. Дотор талыг нь ухаж, хүрээ гаргасны дараа зүлгүүрийн ажлыг хийж дуусгаад цэвэрлэнэ. Хамгийн сүүлд лакаа жигд түрхэж сайтар хатаадаг юм. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад түүхий эд, материалын асуудал хүндрэлтэй байдаг. Анх 90 мянган төгрөгөөр нэг хавтан авч ажлынхаа гарааг эхлүүлэн, олсон орлогоороо дараагийн хоёр хавтангийн мөнгийг босгож байсан. Тэр үеэс хойш долоон төрлийн 100 гаруй таваг хийж борлуулжээ.

Ажлын байр байхгүй тул өвлийн хүйтэнд халаалтгүй байшинд үйл ажиллагаагаа явуулж байна. Бас багаж, тоног төхөөрөмж дутагддаг. Гэвч энэ бүхнийг үл тоон надад итгэж захиалга өгсөн хүмүүсийнхээ модон тавгийг товлосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байна” хэмээн тэрбээр ярилаа.

 

Холбоотой мэдээ