Б.БАТЗАЯА: БИ ЯГ Ч “БИ” БИШ Л ДЭЭ...

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2022-01-18 17:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Амьдрал. Энэ үг бичигдсэн шигээ тийм богинохон биш болохыг бид мэднэ. Харин яруу найрагч Б.Батзаяа “Амьдрал... Ийм богинохон зүйлийг Тийм уртаар нэрлэх гэж” хэмээн бичсэн юм. Эрэг дээр нь зогсоод сарних дүрсээ ажих голын урсгал шиг цаг хугацааны хэмнэл дунд хоосон дурдатгал хөвүүлэн зогссон өдрүүд цөөнгүй. Гэвч үнэндээ дүүрэн дурсамжтай хоцорсон байдаг. Анх танилцахад л тэр хүний ярих нь дэврүүн, гал цогтой шүлгийн мөрүүд шиг санагдаж билээ. Харин ярилцаж үзээгүй, ганц нэгэн шар айрагны шил хоосолж, гуниг хөвсөн ширээний ард хамт суугаагүй нэгэн гаднаас нь харвал огт шүлэг бичдэггүй гэмээр... Гэтэл тэр Симус Хинид дуртай нэгэн байж. Ганцхан тэр ч бус олон найрагчдын шүлгэнд дуртай, олон ч шүлэг цээжээр мэднэ. Энэ нь дэвшилтэд сэтгэгчдийн нэрс шиг л уртаар хөврөх биз. Харин надад өөрийнхөөрөө байж чаддаг нь таалагддаг. Бид л өөртөө зовлон зохиож, өрөөлийн төлөө шаналсан мэтээр сэтгэлээ хуурч, нарны гэрлээс илүү шөнийн бараанд өнгөнд дурладаг. Харин түүнд бүгд нэгэн ижил өнгөөр харагдах ч өөр мэдрэмж, догдлолуудыг зүрх сэтгэлд нь тээж ирдэг шиг санагдана. Миний мэддэг зүйлс ингээд л дуусч байна. Харин яруу найрагч Б.Батзаяатай дахин танилцах гээд үзье. Уншигч танд ч бас доорх хөөрөлдөөнийг уншиж, яруу найрагчтай гар барин танилцах эрх нээлттэй. 


-Та “Баяртай гуниг минь”, “Догдлолууд”, “Лонхонд байсан шүлгүүд” нэртэй гурван түүвэр хэвлүүлсэн. Мэдээж ном бүхэн өөрийн гэсэн цаг үеийг олж төрдөг гэдэгтэй би санал нэгддэг. Мөнхүү зохиолч хүн тухайн цаг мөч бүрт өөрийн дотоод ертөнцийг сольж өмсдөг байх. Дээрх гурван ном төрөх цаг бүрт таны сэтгэлзүй хэрхэн хувирч өөрчлөгдсөн бэ? Ном бүрийг өөр, өөр Батзаяа бүтээсэн үү? 


-Ном гэдэг нэг утгаараа могойн гуужсан арьс шиг.  Ном гарах бүрт тухайн Заяа ямар түвшинд байна, тэр арьсаа л гуужуулж байгаа юм. Анхны ном маань 2010 онд гарч байсан. Тэгэхээр энэ хүртэл би гурван удаа гуужсан могой болох нь.


-Мэдээж уран бүтээлч хүн өөрийнхөө шүлгүүдийг тодорхойлдоггүй, уншигчдын ажил гэж ярих нь бий. Гэвч энэ үзлийг хоёулаа жаахан хойш тавиад үзвэл яасан юм. Та “Лонхонд байсан шүлгүүд”-ээ өөрийн зүгээс тодорхойлбол юу гэж хэлэх вэ?


-Би ч гэсэн уншигч. Яруу найргийн хувьд Англи, Америкийн яруу найргийг амтархан уншдаг. Харин ЛБШ (Лонхонд байсан шүлгүүд) -ийн хувьд “Тагтаа паблишн” болон редактор Н.Энхбаяр нэлээд өндөр шалгуур тавьсан. Би ч аятайхан түүвэр гаргая гэж олон жил бодож явсан, хүмүүс ч ам сайтай байгаа. Тийм болохоор тун чамбай ном болсон гэж тодорхойлж болох байх.


-Тус номд орсон “Дөчин нас” шүлэгт “Жинхэнэ бүхнийг хайх цуцаагүй жигүүр, Жизель, дуусашгүй шунал, Ада байх” гэсэн мөрүүд бий. Ихэнхдээ 60 насалдаг монголчуудын хувьд 40 нас гэдэг хүний амьдралын талаас илүүг нь туулсан хугацаа. Гэтэл дээрх мөрүүд их л дэврүүн, залуу халуун насанд зориулагдсан шиг санагдах ч цаад утга нь угтаа 40 насны хүсэл шиг мэдрэгддэг. Энэ таны бичлэгийн онцлог уу. Ер нь бусдаас ялгарах бичлэгийн онцлогоо өөртөө бий болгочихсон гэж боддог уу? 


-40 нас гэдэг миний хувьд хариугүй задлах гэж байгаа захидал шиг нууцлаг, дотно дугтуй болчихоод байна. Хийж бүтээхийн хувьд бол ид нас шүү дээ. Монголчууд гэхээр л 60 насалдаг гэж бодож болохгүй. Жинхэнэ бүхнийг хайх цуцаагүй жигүүр... Тийм жигүүртэй болох ийм ойрхон байхад одоо цуцаж шантарч болохгүй, тийм биз дээ?


-Тэгвэл танд магадгүй цаашид бичмээргүй бодол төрж байсан уу. Шантрах бус дахиж ерөөсөө бичмээргүй хүсэл гэнэт ихээр таныг эзэмдэх ахуйд ороогдох үе байв уу?


-Бичмээргүй бодол ямар нэг зүйл бичиж дуусах бүрт төрдөг. 


-Бичлэгийн онцлогийн талаар яриа маань юу болов?


-Өөр өөр хэлбэр дүрс бүхий хэдэн сая цасан ширхэг унаж байна. /цонх руу заав/ Ширхэг бүр нь өөр хоорондоо давтагдахгүй. Үүн шиг бид Монгол хэлний баялаг үгийн сангаас шүүрдэж, өөр өөрийн цасан хүнийг урлаж байна, бичлэгийн ахин давтагдахгүй хунгарыг ч бүтээж байна. Миний хунгар өргөн том биш, гэхдээ гүнзгий шүү!


-Өргөн том, гүнзгий хунгар хоорондоо ямар ялгаатай юм бол оо?


-Гутлын ул хайран болохоос биш өргөн том хунгарыг туулаад гарч болно шүү дээ. 


-Та уншигчийн хувьд өргөн том хунгар туучих дуртай юу, гүнзгийд нь шигдэх таатай санагддаг уу?


-Янз бүр байдаг. Цасан дээр гишгэлэх ч дээ... Ер нь бол элс, цасан дээр гишгэлэхээс илүү дээрээсээ юм унагах, бороонд норох ч юм уу тийм зүйл нь илүү сайхан санагдах нь бий.  Уншигчийн хувьд бол Дорно хэмээх гүн цөөрмүүдээс Өрнийн гүехэн бичвэрүүд сайхан санагдах нь олон.




-"Лонхонд байсан шүлгүүд" хэвлэгдэж гарсны дараа хамгийн түрүүнд хэнд уншуулмаар санагдсан бэ. Тийм хүн огт байгаагүй юу?


-Бүгдэд нь уншуулмаар санагдсан. Бүх хүнд уншуулмаар байсан. Бас л хөөрүү амьтан шүү. (инээв)


-Нэг зүйл шуудхан асуучихъя л даа, "Тагтаа" хэвлэлийн газраас таны сүүлийн номыг эрхлэн гаргасан. Тус хэвлэлийн газрын хамт олон номын тань өмнөтгөлд "Батхүүгийн Батзаяагийн "Лонхонд байсан шүлгүүд" түүврийг нэн шинэ үеийн яруу найргийн нэгэн содон өнгө, жиг сэтгэлгээ, тод хэл, яруу дуун болж чадна хэмээн итгэж уншич олондоо хүргэж байна" хэмээн бичсэн байсан. Үнэхээр тийм байж чадах түүвэр гаргасан гэдэгтэй итгэлтэй байгаа юу? Анх "Тагтаа"-гийн хамт олонд та санал тавьсан уу, тэд өөрсдөө таны шүлгүүдийг сонгон авч хэвлүүлэхээр болсон уу?


-"Догдлолууд" гарснаас таван жилийн дараа хэвлэгдсэн түүвэр л дээ. Шүлгийн хувьд янз бүрийн зүйл туршиж үзэж байв. Н.Энхбаяр найзтайгаа нийлэн нэлээд хэдэн жил номоо бэлдсэн хэрнээ хэвлүүлээгүй явсан юм. “Тагтаа”-гийнхан уншиж үзээд энэ ном дээр хамтарч ажиллах саналтай тухайгаа дуулгасан. Би ч дуртай хүлээж авсан. Содон сонин байж чадсан уу гэвэл хэн мэдэхэв дээ, сонирхож үзсэн хүмүүс нь хэлэх биз. Итгэлгүй байсан бол энэ ном хэвлэгдэхгүй шүү дээ.


-Шүлгийг хүн төлөвлөлгүйгээр, аж төрөхүйн зүйлсээс ангид сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бичих ёстой гэдэг. Та тэгж чаддаг уу? 


-Хэн тэгэх ёстой гэж хэлсэн юм? Шүлгийг төлөвлөж бичиж болно. Аж төрөхүйн зүйлстэй хамт сэтгэл зүрхнийхээ дуудлагыг сонсолгүйгээр ч бичиж болно. Ер нь ямар ч дүрэм журам, дэг сургуульгүй дураараа л бичдэг. 


-Зохиолчид янз бүр байдаг. Зарим нь өөрийн мэдэрсэн зүйлсийг бичдэг бол зарим нь зөвхөн өөрөө уншмаар байгаа шүлэг, роман, өгүүллэгийг бичдэг. Харин таны хувьд?


-Тухайн хүний эзэмшсэн ур чадвараас хамаарах болов уу. Өөрийн уншмаар байгаа зүйлээ бичдэг болохын тулд чадвар, туршлага хэрэгтэй болно. Харин би одоохондоо өөрийн мэдэрсэн, бичихийг хүссэнээ л бичиж байна. 


-“Лонхонд байсан шүлгүүд” түүврийн арын хуудсанд таны сонссон дуунуудын “playlist” байсан. Мөн тус номд “Радиохеад”, “Нирвана” хамтлагийн дууны хэсгүүдийг оруулж бичсэн шүлгүүд ч бий шүү дээ. Тэгэхээр хөгжим танд шүлэг бичихэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг шиг санагдсан. Энэ талаар яриач?


-Хөгжим нөлөөлөлгүй яахав. Заримдаа би өөрөө хөгжим ч юм шиг санагдах үе бий. Тийм ч болоод миний зарим шүлгүүд хөгжмийн хэмнэл цохилго дор бичигддэг. Баяр хөөртэй бичсэн шүлгийг маань хэн нэгэн уйтгар гунигтайгаар уншиж байхтай би таарсан юм. Ийм хөгжим хэмнэл дор тийм баяр хөөртэй бичсэн байтал яаж тэгж гунигтайгаар хүлээн авч болдог байна аа гэж би бүр гайхаж орхисон. Тийм болохоор шүлгийн түүвэртээ “playlist” хавсаргаж өгсөн. Энүүхэндээ хэлэхэд хөгжим гэдэг хүнийг хааш нь ч эргүүлж мэдэх маш хүчирхэг зэвсэг шүү.


-Та яагаад хөгжмийг мэдэрдэг, шүлгийг бичдэг болчихов оо. “Манай Заяа нэлээд хожуу бичиж эхэлсэн” гэх үг үеийн тань зарим найрагчдаас сонсч байсан л даа?


-Намайг хожуу эхэлсэн гэж байна уу? Тэд нар л болоогүй байхад эрт эхэлсэн байх. Харин ч би өөрийгөө “бичиж эхэлж байна” л гэж боддог. Одоо л бичиж байгаа зүйл маань надад таалагдаж эхэлж байна. 


-Юу ч бодохгүй, бодол тань дуусчих мэт мөч тохиож байсан уу. Үүнтэй адилхан залуу нас яг ямар цэг дээр, юуны тухай бодохоо болихоор дуусчихдаг юм бол оо?


-Бодол дуусна гэх ойлголт магадгүй “Бурхан”-д л байдаг байх. Мань мэтэд нь бодохоос өөр чадах юм ч алга. Харин залуу нас уу? Миний бодлоор залуу нас гэж байхгүй. Ердөө л туршлагагүй, түүхий, ногоон, зоригтой, гэнэн тэнэг нас гэж байдаг. Тэр нь хэзээ ч дуусахгүй байгаад л байх нь бий. Хэрэв чи туршлагагүй, хэрэв чи гэнэн тэнэг хэвээрээ, хэрэв чи зоригтой шийдэмгий байгаа бол би чамайг залуу байна гэж хэлнэ. Харин 18-хан настай хэрнээ энэ бүхнээ алдчихсан хүн байгаа шүү дээ.


-18 нас гэснээс анх яруу найраг уншсан эсвэл учирсан үеэ санадаг уу. Дурсамж ч гэж хэлж болох юм л даа. Түүнээс хойш магадгүй 25, 35 насны үеүдийн яруу найрагтай холбогдох, сэтгэл танд зурагдаж үлдсэн ямар дурсамжийг хамгийн тодоор санадаг вэ? 


-Намайг бага байхад аав маань их элдэвтэй залуу байлаа. Манайхаар олон хүн ирнэ. Шүлэг уншина, дуулна. Аав надад Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”, А.Дюмагийн “Монте Кристо гүн” гэж хоёр ном уншуулахаар өгсөн юм. Дараа нь унт гээд номуудаа хурааж авч нууж байсан юм. Түүнээс хойш гэвэл Аюур ахын хар номуудыг шимтэн уншдаг байсан. Одоо бодоход их олон шүлэг цээжээр мэддэг оюутан байлаа. Эрдэнэсолонго, Галсансүх, Аюурзана гэдэг хүмүүсийн шүлгэнд гойд дуртай байв даа. 

Дараа нь 25 настайдаа Баттогтох, Одгэрэл, Галсансүх, Эрдэнэсолонго, Аюурзана, Сэкстон, Плат, Гинзберг, Буковский, Паунд нарын шүлгүүдэд унаж үхэж байв. Харин одоо Йэтс, Коллинс, Хикмэт, Хинни, Хаас нараас суралцаж байна даа. 


-Таны шүлгүүдийг хэн магтахад, хэн шүүмжлэхэд танд адилхан таатай санагддаг вэ?


-Миний шүлгүүдийн тухай яриа, магтаал, шүүмж аль нь ч байсан надад ер нь их таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэний ч үг хэрэггүй зүйл гэж байдаг даа. Тэр зүйл бол шүлгүүд минь юм. 


-Анхны тань ном “Миний шүлгүүдийг” нэртэй шүлгээр эхэлдэг. Сүүлийн тань ном “...Миний шүлгэнд” гэсэн шүлгээр бас эхэлдэг. Үүнд ямар утга агуулагдаж байна вэ, зүгээр л эдгээр шүлгүүдээр эхлүүлмээр санагдсан юм уу? 


-Тийм ээ, зүгээр л ингэж эхлүүлмээр санагдсан. 


-“Лонхонд байсан шүлгүүд” номын шүлгүүд ч бас ингээд л гэнэт зүгээр төрчихсөн үү. Хүүхдийнхэрхүү цагаахан мөрөөдлөөр дүүрэн, эсвэл нэг тийм шархалсан зүрхний дэврүүн дуу алдалтууд тус номыг бүхэлд нь тодорхойлчих шиг санагдсан. Мэдээж миний мэдрэмж өнгөцхөн байхийг үгүйсгэхгүй л дээ?


-Шүлгийг алхаж яваад замаас олсон олз шиг бодож ярьдаг хүмүүс бий л дээ. Шүлэг чинь алхаж явахдаа алдаад унагачихсан ямар нэг зүйл, шүлэг чинь аргадаж тайвшруулах гээд чадалгүй гомдоогоод явуулчихсан жаалхүү, шүлэг чинь биеэ барьж тэсэлгүй хашгирсан дуу хоолой, шүлэг чинь “би ийм болоод л жаргалтай байна” гэсэн тайлбар зүүлт юм шүү дээ. Манай залуус шүлэг гэхээр л нэг их уярч догдлуулдаг, уйлуулдаг үгс гэж бодох юм. Энэ чинь будаг шиг, шавар шиг л зүйл. Бид нарт бүгдэд нь хэд хэдэн өнгийн будаг, хэсэг шавар, хэрэглэж чадвал хэдэн үг байна. Заримдаа хөгжилтэй, хүүхэд шиг байх хэрэгтэй. 


-“Нуух юу байх вэ, гэхдээ л нууцгүй авдар үнэгүй. Хоосон, бас онгорхой авдар шиг амьдарсангүй. Хорвоо тоглоомтой, би тоглох дуртай”. Таны энэ бодол өнөөдөр өөрчлөгдсөн үү? 


-Өөрчлөгдсөн. Өдөр, өдрөөр өөрчлөгдөж байна, гэхдээ сайхан байна. 


-Ер нь юу таныг өөрчилдөг юм бол оо. Юу таныг найрагч болгож, юу таныг найрагч биш болгодог юм бэ?


-Философи яван явсаар “БУСАД” буюу хувь хүний хүрч, мэдэж чадаагүй зүйл дээр гацсан юм билээ. Тэгэхээр “БУСАД” намайг өөрчилдөг, яруу найрагч болгодог. Харин би өөрөө өөрийгөө яруу найрагч биш болгодог. “Бусад” ба би гэсэн зөрчил дунд л аж төрж, амь дүйж явна даа. 


-Энэ зөрчил үгүй болчихвол  яах вэ?


-Энэ зөрчлийн аль нэг нь үгүй болмогц дуусах байх л даа. Гэхдээ “бусад” үгүй болно гэж хэзээ ч байхгүй, тэгэхээр “би” үгүй болоход энэ бүхэн дуусах байх. Дуусахгүй үргэлжилж ч болох юм. Сайн мэдэхгүй байна.




-Таны хамгийн дуртай шүлэг юу вэ? Та хүсвэл, цээжээр мэддэг бол уншиж өгөхгүй юу, бид ярилцлага дотроо бүтнээр нь оруулчихаж болно шүү дээ?


-Дуртай шүлэг гэвэл олон байна. Харин цээжинд байдаг нь гэвэл Ирланд яруу найрагч Симус Хинигийн шүлэг бий. 

Царсны боргоцой, зэвэрсэн шураг хоёр 
Зэрэгцэн хэвтэхийг би санаандгүй олсон. 
Цаахнатай нь үйлдвэрийн яндан,
Зүүрмэглэгч уултай зэрэгцэж харагдсан. 
Нэгэн дор хөдөлгүүрийн нүргээн,
Морьдын хатираа зэрэг сонстсон. 
Нэгийг бодоход хоёр дахь санаа 
Зэрэгцээд төрвөл энэ гайхамшиг мөн үү?

Энэ шүлэг надад нэгэн гайхалтай гаргалгаа төрүүлсэн юм.


-Ямар?


-Нэг шүлэгт хоёр санаа оруулж болох уу гэсэн гаргалгаа юм л даа. Зэвэрсэн шураг бичээд хүнд боргоцойны тухай сэтгэгдэл төрүүлэх тухай. Нөгөөтэйгүүр ямаа гэж бичсэн хэр нь тэмээний тухай шүлэг бүтээх тухай гаргалгааг өөртөө нээсэн. 


-Ер нь шүлгийн номыг хаана, ямар орчинд уншвал танд амттай, сайхан санагддаг вэ? Жишээ нь Аюурын номыг тийм газар, Галсансүхийн шүлгүүдийг өөр газарт гээд уншиж байсан үе бий юу?


-Шүлгийн номыг нэг газар сууж байгаад нэг амьсгаагаар уншиж болохгүй. Зүйрлэвэл нэг айлд ороод хөргөгчинд нь байгаа бүх зүйлийг нэг дор идчихтэй адил. Тэнд чинь мах жимс, чихэр давс, бүр хоносон хоол ч байж болно. Тэгэхээр тэр айлдаа ядаж нэг сар хонох хэрэг гарна биз дээ, хөргөгч нь хоосортол. Гэвч шүлгийг бүтээсэн нөхцөл, цаг үе гэж бий. Тэр орчин нөхцөл дунд нь л амталвал амттай байх болов уу.


-Шинэхэн гаргасан түүврээ “Лонхонд байсан шүлгүүд” гэж нэрлэсэн. Мөн “Цав цагаахан үүслийг уруулаа зурах гэж би тамхи татдаг” гэсэн мөртүүд таны шүлгэнд байдаг. Урлагийн аливаа бүтээл төрөхөд эдгээр муу зуршил тухайн бүтээлчийг өдөөж өгдөг гэдэгт итгэдэг үү? 


-Хүнийг юу ч өдөөж чадна. Өгөгдөл, өдөөгдөх эрчим байвал шүү дээ. Муу зуршил ч хүниг өдөөнө, маш их өдөөгдсөн муу зуршлууд цаанаа сайн сайхан зуршлыг нууж тээж байдаг байх. Би ингэж боддог. 


-“Хүү минь энэ дэлхий ямар уужим гэж санана.
Хүлэг морь, хөлөг онгоц, даль жигүүр 
хүчирхэг хөл чамд хэрэг болно”

гэсэн шүлгийн тань мөрүүд санаанд буулаа. Нэгэнтээ Сартр “Сайн эцэг гэж байдаггүй. Энэ бол хууль гэж хэлсэн байдаг”. Магадгүй өөрийнх нь бага насны дурсамжтай холбоотой байх. Та хүүдээ сайн аав байж чаддаг уу, аав тань сайн эцэг байж чаддаг уу? 


-Миний аав бол миний эцэг байх сургууль. Тэр тийм ч сайн аав байгаагүй, харин жинхэнэ эцэг байсан, байсаар ч байгаа. Тэгэхээр би сайн аав биш ч жинхэнэ эцэг байх гэж хичээж байна.


-“Өдөр бүхэн өөр өөрийн дуутай” гэж Аюурзаны өгүүллэгт гардаг. Тэгвэл өдөр болгон таны дотор өөр өөр хүсэл, мөрөөдөл төрдөг үү? Эсвэл ганц л зорилго өмнөө тавьчихаад түүнийхээ төлөө тал бүрээс нь өөрийгөө бэлддэг үү? 


-Би нэг эсээ бичсэн юм. Зохиомлоор хамгийн баяр хөөртэй өдрөө эхлүүлээд хамгийн уй гуниг дүүрэн өдрөө дуусгаж билээ. Эсээний төгсгөлд би өглөө бүр "Надаас сайхан амьдралтай хүмүүс бий" гэж бодож сэрдэг. Би орой болгон "Надаас хэцүү амьдралтай хүмүүс бий" гэж бодож унтдаг гэж тэр эсээгээ зангидсан. Би өмнөө зорилго тавих дургүй, хийж чадахаа хийгээд л хэрэглэж болохыгоо хэрэглээд л явж байна. Нэг ёсондоо зорилго гэдэг өдөр хоногуудыг, өөрийгөө маш ухаалгаар алж байна гэсэн үг бишүү?


-Тэгэхээр та зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, ирээдүйн тухай бодож, санаашрах дургүй гэсэн үг үү? Эсвэл ирээдүйг хэн ч тааварлаж дөнгөдөггүй болохоороо зүүд рүүгээ шургаж орох шиг тийм хоосон мэдрэмжүүдээс хол байхыг хичээдэг хэрэг үү. Гэхдээ энэ ч бас бодитой оршихуй ч байж мэдэх юм, тийм үү?


-Ирээдүйн тухай хамаг л бодол төсөөллийг минь Тантр арчаад хаячихсан юм болов уу. Ёстой л зүүд шиг ёрын юм шүү дээ, ирээдүй гэдэг.


-Яг өнөөдрийн хувьд юу таны амьдралд өнгө нэмж, сэтгэлийг тань догдлуулж байна вэ?


-Сайхан нь амьдралыг өнгө гэрэлтэй болгодог зүйл олон л доо. Жишээ нь хүүхдийн инээд байна.




-"Амьдралыг огт ойлгоогүй Зүгээр л харсан, сонссон, Амьдралаас юу ч олж аваагүй, Ердөө л хүрсэн, амталсан..." Үнэхээр тийм гэж үү. Мэдээж хүн бүр өөр. Гэхдээ гучин хэдэн насандаа хүмүүс, ялангуяа уран бүтээлчид яг юуг хамгийн ихээр ойлгож мэдэрдэг юм бол оо? Таны хувьд...


-Миний хувьд уу? Миний хувьд сул талаа л их олж харсан байх даа. Өөрийнхөө сул талыг олж мэдэхийн хэрээр бусдын сайн сайхан чанар тодорч таарна. Бусдын сайн сайхан чанар тодрох тусам нэг тийм ялагдал ч гэмээр юмуу зүйл биежиж эхэлдэг. Сайн, сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам. Гэрэл гэгээ рүү ойртох тусам сүүдэр тодорч томордог доо.


-"Нэг уншигч таны шүлгүүдийг эмэгтэй хүн бичсэн юм уу гэмээр мэдрэмж төрүүлдэг" гэж хэлж билээ. Өөрт тань шүлгүүдээ уншихаар тийм мэдрэмж төрсөн удаа байна уу?


-Би чинь яг ч би биш л дээ. Заримдаа бяцхан охин, заримдаа егзөр өвгөн... Хүн гэдэг чинь хүйсийн хувьд дэвшилтэт бодьгал, яаж ч хувирч өөрчлөгдөж чадна. Эр хүний дотор эмээл хазаартай морь биш эм хүн л байдаг юм шүү дээ. Түүнээ олж сэрээж чадсан уу л гэхээс...


-Амьдрал зарим үед ирээдүй шиг хоосон санагдах мэдрэмж хүн бүрт төрдөг. Гэвч тэр мэдрэмж үнэн хуурмаг аль нь болохыг ялгаж таньдаг хүмүүс цөөхөн. Жаргалтай үед хорвоо илүү хүнлэг сайхан санагдах ч асуудал тулгарсан үед худал хуурмаг бүхий л зүйлд зохицож чаддаг нүүдэлчин чанараа гээчихсэн мэт мэдрэмж төрөх нь ч бий. Энэ бүх зүйл танд хэрхэн мэдрэгддэг вэ? 


-Амьдрал гэдэг чинь тэр чигтээ хүнлэг сайн сайхнаар дүүрэн, басхүү хоосон утга учиргүй... Яаж харж, юуг нь хүлээж авч байна тэр нь л өөрт ирэх байх. Надад энэ бүхэн яаж мэдрэгддэг вэ гэвэл бусад хүмүүсийн мэдэрдэг шиг л мэдрэгддэг.


-Яг одоо надтай ярилцаж суухдаа ямар нэг дуу сонсох талаар бодож байна уу. Эсвэл энэ ярилцлагыг уншиж дууссан уншигчид ийм дуу сонс гээд “playlist” санал болгож болно шүү?


-Linkin Park хамтлагийн “One More Light” дууг санал болгоё.


Тэр яагаад энэ дууг санал болгож буйгаа хэлсэнгүй. Надад ч яриулах хүсэл төрсөнгүй. Ямартаа ч яруу найрагч Б.Батзаяатай ийнхүү хөөрөлдөж дууссаны дараагаар надад лав “Уйлж гомдохоос бусад нь байдаг үүрдийн дулаахан тосгонтой” The Colors хамтлагийн “UNQ Village” дууг л сонсмоор санагдаж билээ. Тийм ээ, түүний хэлсэн шиг “Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам...”

 

Холбоотой мэдээ