Эмч ажилчдын дунд өвчлөл их байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-17 10:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан. Ажлын баг ХӨСҮТ-д өчигдөр ажиллалаа.

 

Тус төв 545 ортой. Үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна.

Одоогоор нэн хүнд 5, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13, хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон омикрон хувилбараар өвчилсөн иргэд байна.

 

Мөн ажлын баг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Түүнчлэн "Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2"-ийн ажил байдалтай танилцав. Тус төв ковидтой өвчтөнийг эмчлэх 1000 ортой. Өнөөдрийн байдлаар нэн хүнд 2, хүндэвтэр болон хөнгөн 1072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

 

Ажлын багийнхны дүгнэлтээр, Ковид-19 болон омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын  Нэгдсэн шуурхай штаб мэдээлэв.




Холбоотой мэдээ