Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-14 16:16:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Тус хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав. 


Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоохоор Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийжээ. Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 126 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуулиудад нийт 527 зөрчил, 173 хийдэл байгааг тогтоосон байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай эдгээр хуулийг нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95, нийт 126 хуулийн төсөл боловсруулжээ. 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авснаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Тус хуулиар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүрэг, нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхийг тусгайлан тогтоож өгснөөр бүх шатны Засаг дарга, хурлын эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй болж, чиг үүргийн давхардал, хийдэл арилсан байна. Мөн төрийн зарим чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад шилжүүлэхдээ түүнд шаардагдах санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байхаар хуульчилсан нь захиргаа, төсөв, эдийн засгийн төвлөрлийг сааруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль тогтоомжтой салбарын бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хууль хооронд давхардал, хийдэл, зөрчилгүй, практикт хэрэгжихүйц байх нөхцөлийг хангах хэрэгцээ шаардлага үүссэн юм. 

Холбоотой мэдээ