“Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийг 2025 онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-13 14:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлж байна. 


Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс угаах, кокс, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэр бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулах юм.


2019-2021 онд гэхэд 110/10 кВт-ын 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6,3 MВт-ын цахилгааны дэд станц, 12 км төмөр зам, гүний усны 2 цооног /зөвхөн баяжуулах үйлдвэрийг хангана/, паркийн усан хангамжийг шийдэхээр Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийгээд байна.


Түүнчлэн жилд 2 сая тонныг боловсруулах хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ажлыг 2019 онд эхлүүлж өнгөрсөн оны 9 дүгээр сард туршилт тохируулга хийн, ашиглалтад оруулжээ.


Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө, төслийн үзүүлэлтүүд:



"Алтан ширээт" үйлдвэрлэл, технологийн парк бүрэн ашиглалтад орсноор зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, экспортын шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө. Мөн төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, түүхийгээр экспортлох хэмжээ багасан, дагалдах үйлдвэрүүд хөгжих боломжтой. Шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, орчин үеийн техник, технологийг нутагшуулахаас гадна улс, орон нутагт орох татварын орлого нэмэгдэнэ гэж УУХҮЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ