Цар тахлын үеэр гадаадад гацсан иргэдийн бодит түүхээр кино бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-01-06 16:09:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар “Zoljargal and Son” продакшны “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино “Гэгээнтэн энтертайнмент” төвд өнөөдөр нээлтээ хийлээ.


Уг кинонд “КОВИД-19” цар тахлын үед гадаадад гацсан монголчуудын эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан бодит түүхийг өгүүлэх аж. Ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эзэд, хохирол амссан хүмүүс бодит түүхээ хуваалцахаас гадна, хүний нутагт бие биедээ тусалж дэмжсэн монголчуудын тухай харуулжээ.

Киноны дараа цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байлаа. Хэлэлцүүлэгт “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул, “Zoljargal and Son” продакшны найруулагч СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтэн Э.Анхбаяр, хуульч, өмгөөлөгч Б.Баялагмаа болон иргэд оролцов.


Санаачлагч Г.Эрдэнэзул гадаадад гацахын зовлонг биеэр үзсэн нэгэн бөгөөд цаашид төрийн аливаа шийдвэр хүний эрхийг дээдэлсэн, хуульд нийцсэн байж, иргэд нь эрхээ мэддэг, түүнийгээ хангуулахын төлөө шүгэлддэг байгаасай гэсэн үүднээс баримтат кино болгон түүхэнд үлдээхийг хүссэнээ тодотгосон юм.


Уг бүтээлийг олон нийтэд ганцхан удаа үзүүлсэн нь энэ бөгөөд цаашид сошиал болон IPTV зэрэг сувгаас үзэх боломжгүй аж. Учир нь хүний эрхийн асуудлыг хөндсөн бүтээл болохын хувьд олон улсын кино наадамд өрсөлдүүлэхээр төлөвлөжээ.

Киноны нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд болон ЭСЯ-д, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагынхан, ХЭҮК-ын гишүүд, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.





Холбоотой мэдээ