“Гэрэл түгээсэн он жилүүд” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-29 16:05:49

Төв/МОНЦАМЭ/ Монгол Улсад Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан өнөөдөр Төв аймгийн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хүндэтгэсэн “Гэрэл түгээсэн он жилүүд” үйл ажиллагааг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгууллаа.


“Гэрэл түгээсэн он жилүүд” хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр “Боловсрол-100” үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Гавьяат багш З.Намнансүрэн, ахмад багш З.Гончигсүрэн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ч.Цэцгээ нарын хамтын бүтээл “Төв аймгийн гэгээрэл, боловсролын түүх” ном уншигчдын хүртээл боллоо.


Уг номд 1923-2021 он хүртэлх Төв аймгийн боловсролын салбарын түүхийг өгүүлэх юм. Мөн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэнчээр зүтгэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн бахдам гавьяатай боловсролын салбарынхныг Төрийн дээд одон медаль, Засгийн газар, яам, аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.

 

2021-2022 оны хичээлийн жилд Төв аймгийн боловсролын салбар нь ерөнхий боловсролын 31 сургууль, 45 цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 2 төв, 2 политехник коллежтэй болон өргөжиж, нийт 2618 багш, ажилтан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, 25856 суралцагч суралцаж байна.

Анх Улсын тэргүүний цэцэрлэг, сургуулиар 1978 онд Баянцогт сумын цэцэрлэг, Баяндэлгэр сумын Д.Нацагдоржийн нэрэмжит 8 жилийн сургууль шалгарч байсан бол 1981 онд Зуунмод хотын 1 дүгээр цэцэрлэг, Угтаал сумын 10 жилийн сургууль, 1987 онд Цээл сумын цэцэрлэг, яслийн комбинатууд тус тус шалгарч байжээ.

Мөн 2021 оныг хүртэл Улсын “Оны тэргүүний багш”-аар 5, “Монгол Улсын Зөвлөх багш” цол, тэмдгээр 16, “Багш нарын чадварын улсын уралдаан”-д 17, “Сурган хүмүүжүүлэх шилдэг илтгэлийн улсын уралдаан”-д 14, хичээлүүдийн Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 22 багш эхний байруудыг эзэлсэн бахдам амжилтаар 100 жилээ тэмдэглэлээ.  

Холбоотой мэдээ