Төв аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны ажлаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-28 10:37:07

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газар 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу хийсэн ажлаа дүгнэн тайлагнаж, тэргүүний болон шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Жилийн ажлын тайланд гэмт хэрэг илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.8 хувь, улсын дунджаас 7.4 хувиар өсч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 54 нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан таатай үзүүлэлтийг албаныхан онцоллоо.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: “2021 он цар тахлын нөхцөл байдалтай амаргүй цаг үед аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд, төрийн байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн ажлын төлөвлөгөө, урианы жилийн зорилтуудыг амжилттай биелүүлэн ажиллаж байна. Аймаг жил бүр хэлтэс, агентлаг, байгууллагуудын ажлыг дүгнэдэг уламжлалтай. 2021 онд Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хууль сахиулах байгууллагуудад 280 гаруй сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд аймгийн Цагдаагийн газарт 91.1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна” гэлээ. Мөн өнөөдөр энэхүү ажлын хүрээнд Төв аймаг дахь Цагдаагийн газарт УАЗ-Фургон автомашиныг хүлээлгэн өглөө.

 

Холбоотой мэдээ