Япон Бээжингийн Олимпод өндөр албан тушаалтнуудаа илгээхгүй байхаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-24 15:38:57

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадамд Сайд нарын танхимын гишүүд тэргүүтэй өндөр албан тушаалтнуудаа илгээхгүй байхаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Энэхүү наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ АНУ тэргүүтэй орнууд хэдийнээ мэдэгдээд байгаа юм.


Харин Японы тамирчдын хувьд ирэх хоёрдугаар сард болох тэмцээнүүдэд урьдчилан төлөвлөсний дагуу оролцоно.


Гэхдээ Ерөнхий сайд Кишида Фүмио Хятадын засаг захиргааг шууд өдөөн хатгасан үйлдэл хийхгүйн тулд, ялангуяа хоёр орон дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан энэ төлөвлөгөөг зарлахгүй гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.


АНУ-аас гадна Австрали, Их Британи, Канад зэрэг орнууд Хятад улс дахь хүний эрхийн байдалтай холбогдуулан Бээжингийн наадмыг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.


Японы Засгийн газар Шинжаан, Хонконг дахь хүний эрхийн байдал төдийлөн сайжрахгүй байгаа тул Бээжингийн наадамд өндөр албан тушаалтнуудаа илгээх төлөвлөгөөгөө цуцалсан гэж эх сурвалжууд хэлжээ. К.Фүмио нь Японы дипломат ажиллагааны гол тулгуур болох хүний эрхийн байдалд өндөр ач холбогдол өгдөг.


Хятад улсын хувьд АНУ тэргүүтэй бусад улс орнуудыг Бээжингийн Олимпын наадамд хэрхэн хандаж байгааг нь шүүмжилж, спортыг улс төржүүлэх нь Олимпын Хартийн үзэл санаатай эсрэгцэж байна гэж үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ