Ирэх оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-23 11:19:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай өнөөдөр цахим уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 7 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг тэмдэглээд, ирэх оныг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал зохион байгуулах, залуучуудын солилцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бататгах чиглэлд идэвхтэй ажиллахаар тогтов.


Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа жил ирэх тутам өргөжин хөгжиж байгааг сайд нар тэмдэглээд хоёр тал КОВИД-19 цар тахлын үед ч нягт хамтран ажиллаж байгааг дурдав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад цар тахлын эрсдэлийг бууруулах чиглэлд Япон Улсын Засгийн газраас нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, вакцин, хүйтэн хэлхээг бүрдүүлэх зэргээр тусалж байгаад талархал илэрхийлэв.


Талууд Монгол, Японы харилцаа 50 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд нэн ялангуяа 1990-ээд оноос эрчимтэй өрнөж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн нь том амжилт хэмээн дүгнээд ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, ложистикийн нөхцөлийг сайжруулах, чингэхдээ Япон Улсаас шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав. Ирэх онд батлахаар төлөвлөж буй Монгол, Японы 2022-2025 онд хэрэгжүүлэх Дунд хугацааны шинэ хөтөлбөрийн баримт бичигт цар тахлын дараах үеийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой оруулах нь чухал байгааг онцлов.


Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд мөн тэмдэглэв.

Холбоотой мэдээ