АСЕМ-11 уулзалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 16:00:14

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөснийг мэдэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Европын Холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар “Шангри-Ла” зочид буудалд хамтарсан мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээллийн эхэнд Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай явуулж, 20 жилийн ойгоо тэмдэглэн, хоёр өдөр маш үр дүнтэй хуралдсаныг онцлон тэмдэглэв. Хуралдаанаас “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр чухал баримт бичиг гарч, АСЕМ-ын 20 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн тохиролцож, санал нэгтэйгээр Дээд хэмжээний уулзалтаа өндөрлөж чадсаныг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Мөн “АСЕМ-ын хуралдааны үеэр бид хоёр гунигтай мэдээ хүлээн авлаа. Францын Ницце хотод болсон аймшигт халдлагад бид гүн эмгэнэж, Франц, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт гэдгээ илэрхийлж байна. Бид терроризмын бүх хэлбэртэй тэмцэж, үүний эсрэг хамтдаа зогсохоо энэ хурлаараа мэдэгдэж байна" гэв.

Дээд түвшний хуралдаанд 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Засгийн газрын тэргүүн, 13 орны Гадаад хэргийн сайд, хоёр орны бусад сайд, Олон улсын хоёр байгууллагын төлөөлөл оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар 60 гаруй хоёр талт уулзалт хийжээ. Үүнээс гадна уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчид мөн төлөвлөгөөт уулзалт зохион байгуулж, нийт 100 гаруй хоёр талт уулзалт хийж, олон асуудлаар санал бодлоо солилцов.

Хуралдаанд Ази-Европын Парламентчдын уулзалт, Ази-Европын Залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын Түмний уулзалтын төлөөлөгчдийн хурал тус бүрээс гарсан дүгнэлт тайланг  танилцуулсан. 

Өнөөдөр болсон хаалттай хуралдаанаар төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэх шаардлагатай зүйлсийг нээлттэй хэлж, найрсаг уур амьсгалтай болсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн тодотгож байв.

Түүнчлэн АСЕМ бол зөвхөн төр, засгийн удирдлагуудын уулзалт биш ард түмний, бизнес эрхлэгчдийн, эмэгтэйчүүдийн, парламентын гишүүдийн, залуусын, хэвлэл мэдээллийнхний чуулдаг уулзалт гэдгийг онцоллоо. “АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулна гэдэг 100 жилд нэг удаа олддог боломж. Дараагийн удаа Монгол оронд 100 жилийн дараа зохион байгуулагдаж магадгүй. Ийм учраас энэ хуралд бид онцгой ач холбогдол өгч, халуун дотноор та бүхнийг хүлээн авлаа. Олон орны зуу зуун сэтгүүлчид амжилттай ажиллаж, дэлхийн 1.5 тэрбум хүнд Монголд болж буй АСЕМ-ын мэдээлэл хүрлээ. Та бүхнийг Монгол оронд дахин хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск “Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс маш амжилттай зохион байгууллаа. Бидэнд хэзээ ч мартахгүй сайхан дурсамжийг үлдээсэн “Нүүдэлчдийн баяр наадам”-ыг машид сонирхон үзлээ. Энэ уулзалтыг зохион байгуулахад оролцсон бүх хүнд баярлалаа.

Дээд түвшний уулзалтын үеэр дэлхийг цочроосон хоёр үйл явдал боллоо. Францын Ницце хотод болсон террорист халдлага, Турк улсад өчигдөр болсон цэргийн эргэлт хийх оролдлого нь бид дэлхий дахинд эв нэгдлээ эрхэмлэж, террорист халдлага, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэсэн мессежийг энэ хурлын индэр дээрээс хүргэж байна.

Европын холбоо Ази тивтэй хамтран ажиллахыг чухалчилдаг. Ази тивд дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг, худалдаа болон дотоодын нийт бүтээгдэхүүн маш өндөр. Бээжин хотноо өмнө нь болсон Европын холбоо БНХАУ-ын хамтын ажиллагааны талаар хоёр талт уулзалтаар ч ярилцаж байсан. Цаашдаа Европ, Ази тивийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлийг өрнүүлэх асуудлыг  ярилцав.

Туркт болсон үйл явдлын талаар Европын холбооны удирдлагуудын хүрээнд, мөн Дээд түвшний уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдийн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцсон. Турк бол Европын холбооны нэгэн чухал түнш. Европын холбооны зүгээс ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар, Ардчиллын институцийг ямагт дэмжсээр ирсэн, хуулийн засаглалыг байнга дэмждэг. Тийм учраас Турк Үндсэн хуулийн аргаар цаашид ардчиллыг хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байна. Европын холбооны бүх гишүүн орнуудын санал ч ийм байна. Турк улс манай Европын холбооны гишүүн орон болохоор эрмэлзэж байгаа.

Хоёр хоногийн өмнө Францад болсон халдлага, долдугаар сарын эхээр Дака-д болсон террорист халдлага нь манай хоёр тивд аль алинд нь нөлөөлж буй аюултай үзэгдэл бөгөөд хүнлэг бус, хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг сануулсан үйл явдал болсон. Тийм учраас Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтаар бид дэлхий нийтэд тулгараад байгаа энэ асуудлыг ярилцаж, дүрвэгсдийн асуудлыг ч хөндсөн. Ирэх 9 дүгээр сард БНХАУ-д болох “Их 20”-ын уулзалтын үеэр Европ болон Азийн хамтын ажиллагааны нэг чухал сэдэв аюулгүй байдлын асуудал болно гэдэгт санал нэгдсэн. Украин, Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойг дээр өрнөж буй үйл явдлуудад олон улсын зүгээс анхаарч, ард иргэдийн эрх ашигт нийцсэн шийдлүүдийг гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.    

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээ нь бидний эрхэмлэх үнэт зүйлүүдийг цаашид хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэж үзэж байна. 2018 онд бид Брюссельд АСЕМ-ын 12 дахь уулзалтаар уулзах хүртлээ хамтран ажиллана. Дээд түвшний уулзалтыг маш өндөр хэмжээнд зохион байгуулж, найрсаг дотноор зочилсон Монголын ард түмэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлалаа” гэв.  

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Хуралдааны үеэр хоорондын уялдаа холбоо, харилцааны талаар хөндөж ярилцсан. Ямар ч үед бид уялдаа холбоо, харилцаатай байх ёстой. АСЕМ-ын дээд түвшний уулзалт бидэнд уян хатан байдлаар шийдлийг олохын төлөө хамтран ажиллах боломж олгодог талбар. Дэлхийн хэмжээнд сорилт болж буй терроризмтай тэмцэх, ажлын байрыг бий болгох, худалдаа хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дүрвэгсдийн хямралын асуудлыг шийдвэрлэх гэх мэт сэдвээр бид харилцан ярилцсан.

Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байна. Ирэх бүртээ би Монгол орны хөгжил дэвшлийг ажиглан харж, гайхан биширдэг. Ази, Европ хоёр тивийг ойртуулж өгдөг уг арга хэмжээг маш амжилттай зохион байгууллаа. Би АСЕМ-ын өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцсон. Энэ удаагийн 11 дүгээр уулзалт миний хувьд хамгийн онцлогтой байлаа. Өндөр дээд хэмжээнд зохион байгуулж, найрсаг зочилсон та бүхэнд дахин дахин баярлалаа” гэв.

Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу “Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтаар бид хоёр өдөр маш үр өгөөжтэй ярилцлаа. Хурлын үеэр маш их ажил хийж, албан болон албан бус олон яриа хэлэлцээ боллоо. Өнгөрсөн 20 жилд хийж бүтээснээ дүгнэж, ирээдүйд хэрхэн ажиллахаа төлөвлөж, бодит үр дүн гаргахын тулд хийх зүйлсээ ярилцан, АСЕМ-ын гурван тулгуурт бодлогыг хөгжүүлэх, хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. Бүх салбарт зөөлөн болон хатуу уялдаа холбоогоор хамтарч ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна бид нийтлэг ашиг сонирхол, бүс нутагт тулгарч буй асуудал, терроризмтай тэмцэх хүртээмжтэй өсөлт, ядуурлыг бууруулах, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, хөгжлийн асуудлаар ярилцлаа. Улс орон бүр өөр өөрийн асуудалтай ч эдгээр асуудал нь бидний хамтын ажиллагаанд саад болох учиргүй. АСЕМ-ын үр дүнд бий болсон хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр тивийн ард иргэдэд төдийгүй дэлхийн нийтэд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Мьянмар улс 2017 оны хоёрдугаар хагаст АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. Эцэст нь Дээд түвшний уулзалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан Монгол оронд баярлалаа. 100 жилд тохиох энэ сайхан боломжийг олгосонд баярлаж байна. Монгол орныг үзэж танилцах, ийм гайхалтай байгалийг бахдах сайхан боломж олголоо” гэв.

Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо “Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хэцүү цаг үед амьдарч байгааг сануулж, Европ Ази тив хамтарч ажиллах шаардлагатайг харууллаа. Бид бүх асуудалд үзэл бодол нэг байхгүй ч эрх тэгш, харилцан ашигтай байдлаар хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх шаардлагатайгаа ойлгодог юм. Бид хурлаар олон чухал сэдэв асуудлыг ярилцаж, санал бодлоо солилцлоо. АСЕМ-ын 20 жилийн ой, Дээд түвшний 11 дүгээр хуралдаан нь түүхэн үйл явдал боллоо. Ирэх 10 жилд бид АСЕМ-ыг улам илүү урагшлуулж, амжилттай авч явахад бэлэн байна.  

Монголчуудад, Засгийн газарт нь маш их талархлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид биднийг хүлээн авч, хурлыг даргалж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэнд тусгайлан талархал илэрхийлье. Европын холбоог даргалж буй орны хувьд өөрийн орноо төлөөлөн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэв.

Төр, засгийн тэргүүнүүд Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо маш амжилттай, өндөр зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд хийж чадсаныг санал нэгтэй онцолж, нийт Монголын ард түмэнд, төр засгийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ