“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-16 13:59:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд "Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийг засах гэрээ байгууллаа.


Цэцэрлэгийн засвар хийх төслийг 135 919 ам.доллар буюу 387 сая гаруй төгрөгийн өртгөөр хэрэгжүүлэх юм.


Төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар Японы Элчин сайдын яаманд өнөөдөр гарын үсэг зурлаа.




“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 573 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварын төсөл" нь Японы 2021 онд /2021.04.01-ээс 2022.03.31/ хэрэгжих 2 дахь төсөл ажээ.




Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, “Уг төслийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгт их засварын ажил хийгдэх юм. Тус цэцэрлэгийн дотор, гадна тал олон жилийн эдэлгээнээс шалтгаалан муудсан. Энэ удаагийн “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр, тус цэцэрлэгийн 125 хүүхэд, багачууд болон 21 багш, ажилчид эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болно” гэлээ.




Нэмж дурдахад, Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. 




Холбоотой мэдээ