“Залуусаа сонсъё” уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-14 21:12:27

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 27 сумын оюутан залуусын төлөөлөл болох 30 залуу аймаг, орон нутгийнхаа удирдлагуудтай уулзаж, шийдвэр гаргах түвшинд санал бодлоо солилцон, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Уулзалтын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Оюутны хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, үндсэн чиглэл, дүрмээ батлан, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Мөн тус ажлын хүрээнд Аймгийн залуус сард нэг удаа тогтмол уулзалт зохион байгуулж Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг компани, аж ахуй нэгж, их сургуулиудын үйл ажиллагаатай танилцан, оюутан залууст ажлын байран дахь бүтэц, мэргэжлийн онцлогийг ойлгуулах, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй сурагчдын мэргэжил сонголтын чиг баримжааг олгох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болжээ.


Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг нар хүрэлцэн ирж, аймгаас оюутан, залуучуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулан, залуусын санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ