Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-13 17:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд А.Никейзийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсын дунд, урт хугацааны хөгжлийн зорилтууд, үйл ажиллагааны хөтөлбөрүүд нь саяхан Европын Холбооноос танилцуулсан “Дэлхийн гарц” стратегийн хөтөлбөрийн зорилготой нийцэж байгааг дурдаж, тэдгээрийг хоёр тал харилцан үр ашигтай хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв.


Элчин сайд А.Никейз дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг Монгол Улсын дэвшүүлсэн санаачилга, хэрэгжүүлж буй ажил төдийгүй, ардчилал, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх хүчин чармайлтыг сайшааж, дижиталчлал, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов.


Элчин сайд А.Никейз энэ сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа ороод байгаа юм.

Холбоотой мэдээ