Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүнээр доктор С.Амгаланбаатарыг сонгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны ТББ-уудын өчигдөр болсон Үндэсний чуулганаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тэргүүнээр биологийн ухааны доктор С.Амгаланбаатарыг сонгожээ. МБОИЗ нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг нэгтгэдэг шүхэр байгууллага юм.
С.Амгаланбаатар нь агнуур зүйч
мэргэжилтэй, “Их нарт”-ын байгалийн газрын хамгаалалтын захиргааны даргаар
ажиллаж, аргаль хонь, бусад хөхтөн амьтдын мониторингийн судалгааг АНУ-ын Денверийн Зоологийн сантай хамтран
хэрэгжүүлжээ. Тэрээр аргаль хонины болон бусад агнуурын хөхтөн
амьтдын судалгааг Монгол Алтай,
Говь-Алтай, Хэнтий, Хангай,
Хөвсгөлийн уулс тэдгээрийн салбарууд, төв болон зүүн өмнөд говь, хээрийн бэсрэг
уулсаар болон Сийлхэм, Хөх сэрх, Говьгурвансайхан, Мянган угалзат, Их нарт
зэрэг улсын тусгай хамгаалалттай газруудад хийжээ. Түүнээс гадна Увс, Ховд, Дорноговь, Хөвсгөл,
Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Баянхонгор аймагт ерөнхий болон нарийвчилсан агнуурын зохион байгуулалтыг хийж менежментийн төлөвлөгөөг нь боловсруулсан
байна.