Малайзын Ерөнхий сайд асанд авлигын хэргээр оноосон ялыг хэвээр үлдээв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-12-08 12:57:34

КУАЛА-ЛУМПУР. /TASS/. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакад "SRC International” сангаас олон сая ам.доллар шамшигдуулсан хэргээр 12 жил хорих ял оноосныг эсэргүүцсэн нэхэмжлэлийг тус улсын давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.


"Нажиб Разак 4 тэрбум ринггит буюу 9.4 сая ам.долларыг сангаас гаргахдаа улсын хэрэгцээнд бус хувийн ашиг сонирхлын үүднээс ажилласан" гэж шүүгч Абдул Жалил онцлон тэмдэглэжээ. “Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, өмнөх шийдвэрийг баталж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Малайзын нийслэл хотын дээд шүүх өнгөрсөн оны долоодугаар сард өдгөө 68 настай Нажибад сангийн мөнгийг шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр 12 жилийн хорих ял, 50 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.  Түүний өмгөөлөгч нар тэр дороо давж заалдаж, нэхэмжлэлийг хэлэлцэх хугацаанд батлан ​​даалтаар суллахын тулд 477 мянган ам.доллар төлжээ.


“SRC International” нь төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын томоохон сан болох “1MDB”-ийн бүтцэд багтдаг байжээ. Хөрөнгө оруулалтын сантай холбоотой дуулиан 2015 онд тус сан 11 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл гарсны дараа дэгдсэн байна. Тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нажибын мэдэлд хамгийн багадаа 4.5 тэрбум ам.доллар байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв. Мөрдөн шалгалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүн илрээгүй байна. Харин 2018 оны тавдугаар сард болсон сонгуульд Махатхир Мохамад тэргүүтэй сөрөг хүчин ялсны дараа мөрдөн шалгах ажлыг дахин эхлүүлжээ.


Холбоотой мэдээ