“Богд банк” IPO хийж, нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-01 15:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Богд банк" хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж арилжааны банкуудаас анх удаа IPO хийж байна. Нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд нээлттэй болгож буй тус банкны хувьцааг иргэд, ААН авах бүрэн боломжтой. “Богд банкбанкны шинэчлэлийн хүрээнд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн хамгийн анхны банк болж, нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлэв.


Тус банкнаас шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдрөөс эхэлж, энэ сарын 7 хүртэл өдөр бүр 10.00-16.00 цагт Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм.

Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Богд банк”-ны хувьцааны 70 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерын тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагч нарт, үлдэх 30 хувийг олон нийтэд Монголын Хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдах юм.

Тус банк 12.5 сая ширхэг хувьцаа гаргаж, нэгжийг нь 2540 төгрөгөөр борлуулж, нийт 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнээс 70 хувь буюу 8.750.000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3.750.000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа юм.

Богд банк”-ны гүйцэтгэх захирал Г.Саруул хэлэхдээ, “Манай банкны ашиг жилд 79 хувь, нийт хөрөнгө 44 хувиар өсөж, татсан хөрөнгө 69 хувиар нэмэгдэж байгаа нь маш хурдтай өсөн нэмэгдэж байгаа банкны хөрөнгө оруулалт болж чадаж байна гэж үзэж байна гэв.

Хувьцааны нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэхдээ, энэ оны 1 дүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болох боломжийг нээж өгсөн. Энэ өөрчлөлт банкны системийн засаглал болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус хуулийн дагуу Богд банк анхдагч болж чадлаа” гэдгийг онцоллоо. 


Холбоотой мэдээ