О.Сундуй: Уншиж буй ард түмэн сэтгэлийн зөв хандлагатай байдаг байна

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-30 23:02:09

Архангай /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулж буй “Бүтээлч сар”-ын хүрээнд Үндэсний номын баярыг Архангай аймагт энэ сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгууллаа. Эл өдөр 30 гаруй зохиолч, яруу найрагч Архангай аймагт ирж, номын баяр болон Халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Сунтарын Лувсанпринлэй хутагтын нэрэмжит “Хангайн цом 2021” яруу найргийн наадамд оролцсон юм. Мөн зохиолч нар уншигчидтай уулзаж, өөрсдийн ном товхимлоо гарын үсэгтэй, хямд үнээр худалдлаа. Номын худалдааны үеэр зарим зохиолчдын сэтгэгдлийг сонссоноо сийрүүлэн хүргэе.


Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын ном, хэвлэл хариуцсан мэргэжилтэн О.Сундуй: Соёлын яамнаас бодлогоор 11 дүгээр сарыг соёлын “Бүтээлч сар” гэж зарласан. Энэ сарын гол зорилго нь ард түмнийг соён гэгээрүүлэх, урлагаар сэтгэлийг ариусгаж, соёл гэгээрлээр хүмүүний сэтгэлийг амар амгалан, сайн сайханд аваачих юм. Үүний нэг нь номын баяр. Төрийн бодлого болон "Алсын хараа 2050" номд монгол хүний үнэт зүйл яаж төлөвшин тогтох вэ, үүнийг шилдэг сайн ном бүтээлээр хэрхэн ариусгаж, ухаарал, гэгээрэл авч ирэх ёстой вэ гэдгийг харуулсан байдаг. Номоор дамжуулж хүний сэтгэлийг бүтээдэг гэдэг бодлого чиглэлээр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Номыг бүтээгч зохиолчид маань өөрсдөө хамт явж, өөрсдийнхөө бүтээл туурвилыг хэрхэн бүтээснээ уншигчдадаа ярьж таниулж байгаа нь давуу талтай. Мөн манай хэвлэлийн газрууд оролцож, аймаг орон нутагт тэр болгон хүрч чадахгүй байгаа шинэ соргог ном бүтээлүүдийг хүргэж байна. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн ном худалдаж буй зүйл биш юм. Хүний сэтгэлд энэ үйл ажиллагааг хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. Зохиолчид маань яриа, илтгэлүүд тавьж байна. Өөрөөр хэлбэл уншигчдыг соён гэгээрүүлэх ажил нь илүү давамгайлж байгаа юм. Цаашдаа Өвөрхангай, Баянхонгор аймгаар явна. Ирэх онд ч үргэлжилнэ. Монголчууд өөрсдөө уншигч ард түмэн байсан, цаашдаа ч уншигч ард түмэн хэвээрээ байх болно. Тийм байж хүний сэтгэлд сайн сайхан зүйл тогтдог. Энэ үйл ажиллагааны үр дүн маргааш гарчихгүй юм. Хүн төрөлхтний жишиг үнэлэлт судалгааг харахад уншиж буй ард түмэн өөрсдөө сэтгэлийн зөв хандлагатай, чиглэлтэй байдаг байна.    


МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Сарантуяа: Архангай аймагт номын гэгээн дор уншигчиддайгаа уулзаж байна. Миний хувьд Сорхогтон, Сайн Хан Бат, Самар хатан гэх мэт түүхэн романуудтайгаа ирсэн. Архангайн уншигчдадаа боломж олгох үүднээс номуудаа 30 хувь хямдруулаад, үйл ажиллагаанд оролцож байна.

Би өөрөө Өвөрхангай аймгийн хүн л дээ. Аян замын учир шалтгаануудаар их л ирж буцаж байлаа. Сайхан сэтгэлтэй, идээ цагаа сайтай, сайхан харилцаатай хүмүүстэй нутаг гэж хардаг. Тогтож саатахад өөрийн нутагтаа байгаа юм шиг л гоё мэдрэмжийг өгч чаддаг учраас Архангайд ирэх дуртай. Бид нар хүний ертөнцөд ирээд өөрсдийнхөө амьдралаар амьдраад буцах хувь тавилантай. Энэ хувь тавилангаар бид хэдэн нас хүрэх ёстой, яг түүгээрээ өөрийнхөө амьдралаар энэ хорвоог үзэж туулаад буцах өгөгдөлтэй ирдэг. Үүнтэй агаар нэг номыг бид уншсанаар маш олон янзын хүмүүсийн амьдралыг үзээд буцах боломж нээгддэг болов уу гэж би боддог.

Ер нь хүн оюун сэтгэхүйн хувьд задрах, өөрийгөө олж нээх, цаашдаа хэрхэх вэ гэдгээ олж мэдэхэд ном хамгийн чухал туслагч юм. Хэдийгээр бид нар өнөөдөр цахим эринд ирчихсэн интернэтээс бүх мэдээллийг хайж, киног нь үзчих юм чинь номыг нь уншаад яахав гэх яриа гардаг боловч номыг бариад унших нь шал өөр оюун санааны аялалд хүнийг аваачдаг. Дүрсний хэлэмж нь хүний оюун тархинд огт өөрөөр буудаг учир шалтгаантай юм. Номыг уншсанаар оюун ухаан илүү тэлдэг. Номоос өөрийн сонирхож буй зүйлийнхээ бүх хариултыг хайгаад явбал нэгдүгээрт тогтож сурна. Хоёрдугаарт өөрийгөө нээж, гуравдугаарт хүсэл мөрөөдлөө олж сурна. Орчин цагт номын төрөл жанарууд олон болсон. Хүмүүс эдгээр номуудаас чухам алийг нь сонгох вэ гэдэг дээр төөрч болзошгүй тийм олон сонголтууд гарч ирсэн. Минималист амьдрал, мөнгөтэй харилцах, эцэг эхийгээ хайрлах, хайрын тухай ойлголт гээд энэ бүх зүйлүүд бүгдээрээ уран зохиол дотор байдаг. Тэгэхээр уран зохиолын ном уншсанаар энэ бүхнийг бүгдийг олж, хувь хүний мөн чанарын хувьд төлөвших юм болов уу гэж би анзаарч хардаг. Тийм учраас залуус дүү нартаа уран зохиолын номыг сайн унш гэж зөвлөдөг дөө.   


МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын менежер Ш.Солонго: Ажлынхаа хүрээнд 21 аймагт номын баяр зохион байгуулна. Энэ удаа Архангай аймагт номын баярын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүүлийн үед би дандаа тууж, өгүүллэгийн 17 ном гаргасан. Сүүлийн таван номтойгоо ирлээ. Яагаад бид нар номыг унших, номыг санал болгоод байна вэ гэхээр ном бол соёлт хүн төрөлхтний бий болгосон хамгийн гайхамшигтэй зүйлсийн нэг. Яагаад гайхамшигтай вэ гэхээр мянган жилийн өмнө амьдарч байсан Алшир навой гэх зохиолчийг ном бид нарт хүргэж ирсэн байна. Мянган жилийн өмнөх хүнтэй уулздаг болохоор ном бол гайхамшигтай юм. Зуун жилийн дараа Солонгоо байхгүй ч миний номууд амьд хэвээрээ байсаар байна. Номыг бүтээдэг уран бүтээлчид зуун зууны туршид амьдардаг, үхэшгүй мөнхийн ид шидтэй, гайхамшигтай шидийг олдог гэж боддог. Хувь хүний хөгжлийн тухай ном бол нэг удаа уншаад орхидог зүйл. Жинхэнэ сайхан уран бүтээл утга уянгын гайхамшигтай ном олж уншсан хүний зүрх сэтгэл өөрөө ариусч байдаг. Тархи толгой нь тэлж байдаг. Миний багадаа уншиж байсан номууд намайг зохиолч болох суурь болж өгсөн. Номын хүч чадлыг бол гайхамшигтай гэж боддог. Энэ сайхан ертөнц рүү орж, өөрийгөө нээе гэвэл шилдэг сайхан номыг уншиж, номын баярын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаарай гэж хүсэх байна.


Нэвтрүүлэгч, хөтлөгч Б.Гантигмаа: Ном сайн уншвал хүний бодол, сэтгэхүй задарч, ухаан нэмнэ гэдгийг л сайн тогтоож авах хэрэгтэй. Сэтгэн бодох чадвар нь улам хөгждөг. Хамгийн их ач тус нь монгол нэр томъёо, Монгол үгийн сан нь улам баяждаг. Энэ жилийн номын баяр орон нутагт түлхүү болж буйгаараа илүү онцлогтой. Учир нь УИХ-аас нийтээр тэмдэглэлт өдрүүдийн хуульд номын баяр хуульчлагдан орчихсон. Энэ утгаараа орон нутагт тэр дундаа Архангай аймагт болж буйгаараа онцлогтой. Соёлын яамнаас эхлүүлсэн “Бүтээлч сар”-ын аяны төгсгөл номын баяраар Архангай аймагт өндөрлөж буйгаараа бас онцлогтой. Архангай аймаг энэ бүгдийг хүлээж авлаа гэдэг бол оюуны цар хүрээ нь хэр байгааг л харуулж байгаа юм. Залуу үе, хүүхдүүддээ ирээдүйд нь хэрхэн санаа тавьж байна вэ гэдэг нь л харагдаж байгаа юм. 

Холбоотой мэдээ