Шилдэг хариуцлагатай сум, байгууллага, иргэнийг 500,000 төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-29 17:48:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-тай хамтран “Хариуцлагатай Дундговь - 21” аяныг зарлан дүнгээ гаргаж, шалгарсан сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг тус бүр 500,000 төгрөгөөр шагналаа.

Тус аяныг 8 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 5-ны хооронд өрнүүлж, энэ хугацаанд төрийн 6 байгууллага, 8 сум, 2 аж ахуйн нэгж, 2 иргэн зохион байгуулж, хэрэгжүүлсэн бүтээлч ажлуудаа баримтжуулан ирүүлжээ.

Энэхүү аян нь албан байгууллага, аж ахуй нэгж, хувийн хэвшил, иргэдийг идэвхжүүлж, тэдний оролцоотойгоор сум, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой ба оролцогч байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүртээмж, шинэлэг байдал, нийгэмд оруулсан хувь нэмэр, цар хүрээг нь харгалзан шалгаруулсан байна.  

“Шилдэг хариуцлагатай сум”-аар Хулд сум, “Шилдэг хариуцлагатай байгууллага”-аар Сайнцагаан сумын 8-р цэцэрлэг, “Шилдэг хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр “М-Ойл” шатахуун түгээх станц, “Шилдэг хариуцлагатай иргэн”-ээр Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Ц.Наранбаатар нар тус тус шалгарчээ.

“Шилдэг хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр шалгарсан “М-Ойл” шатахуун түгээх станц хогийн сав хийж, байгууллагуудад хандивласан бол иргэн Ц.Наранбаатар байрныхаа гадна 20x40 харьцаатай газрыг хашаажуулж, будаж, хашаан дотроо өндөр, нам трүнүк, элсэн талбай, гадаа сандал хийж, 12 метр газрыг зүлэгжүүлэн, нэг наст ургамал болон өнгийн цэцэг, 45 ширхэг хайлаас, улиас тарьж ургуулжээ.


“Шилдэг хариуцлагатай сум”-аар шалгарсан Хулд сумын хүүхдийн цэцэрлэг гадна орчноо зүлэгжүүлэн, цэцгийн мандал хийж, тоглоомын талбайг засч, тохижуулснаас гадна хүлэмждээ тарьсан хүнсний ногоог сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн хоол хүнсэнд хандивлаж, сумынхаа иргэдэд хямдралтай үнээр зарж борлуулжээ. 


Холбоотой мэдээ