Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагчид хүндэтгэл илэрхийллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-11-26 18:10:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс, шуурхай штабаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Дархан Уул аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Шуурхай штабын дарга А.Түвшинбат хэлсэн үгэндээ: “Дархан –Уул аймгийн хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсож буй “Цагаан нөмрөгт баатрууд” та бүхэндээ юуны өмнө Дархан хотын 60 жил, Улс тунхагласны 97 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Монгол Улсад 2020 оны 3 дугаар сард коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 8 сарын дараа манай аймагт анхны тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлуудаас 12321 буюу 46.3 хувь нь эмчлэн болон тусгаарлан эмчлэх 12 эмнэлэг, сувиллуудад хэвтэн эмчлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдыгаа түүчээлэн “Улаан бүс”-д ажиллаж, төрийн эмнэлгийн ачааллыг хуваалцаж, олон мянган хүнийг эмчлэн, өөрсдийгөө умартан ажилласан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч та бүхэндээ Дарханчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье” гэсэн юм.

Дараа нь “Улаан бүс”-д ажилласан хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, сувилагчдад Дархан-Уул аймаг, Дархан сумын шагналыг гардууллаа. Энэ өдөр Дархан-Уул аймгийн “Жуух бичиг”-ээр 13, Дархан сумын “Жуух бичиг”-ээр 12, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 14, “Найрамдлын Дархан” тэмдгээр тав, “Дархан-60” ойн тэмдгээр 27 хүнийг тус тус 100 мянган төгрөгийн хамт шагнан урамшууллаа. Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч, сувилагчдад ийнхүү талархал илэрхийлж, ажлын их амжилт эрүүл, энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ