БНХАУ Бээжингийн Олимпыг дэмжихийг Японд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-26 11:42:24

ТОКИО. /Kyodo/. АНУ тэргүүтэй бусад ардчилсан орнууд Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх эсэх талаар хэлэлцэж байгаатай холбоотойгоор БНХАУ өвлийн наадмыг дэмжихийг Японд улсад хандан уриалжээ.


“Манай улс энэ зун Токиогийн Олимпыг зохион байгуулахад нь бүрэн дэмжлэг үзүүлсэн тул Япон улс эн тэнцүү хандах хэрэгтэй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх хувилбарыг судалж байгаагаа мэдэгджээ. Энэ нь АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид тус наадмын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үг юм.


Ийм эсэргүүцэл нь Олимпод оролцох Америкийн тамирчдад хамрааралгүй бөгөөд Хятадын баруун нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах орон дах лалын шашинт уйгурчуудын эрхийг зөрчиж байна хэмээн тус улсын эрх баригчдыг буруутгаж байгаатай нь холбоотой бололтой байна.


Мөн пүрэв гарагт “Sydney Morning Herald” өдөр тутмын сонинд Австрали улс Хятадын алдарт теннисчин Пэн Шуайтай холбоотой асуудалтай холбогдуулан Бээжингийн наадамд дипломат эсэргүүцэл үзүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээлжээ. 


Харин Ж.Лижянийн хувьд, “Япон улс спортыг улстөржүүлж байгааг БНХАУ эрс эсэргүүцэж байна” хэмээн онцлон тэмдэглээд, хоёр орон Олимпын наадмыг зохион байгуулахад харилцан бие биеэ дэмжих талаар зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэв.


Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса лхагва гарагт мэдэгдэхдээ, Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцэх талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэсэн юм. Тэрбээр өмнө нь Япон-Хятадын харилцааг хөгжүүлэх нам дамнасан хууль тогтоогчдын бүлгийг ахалж байжээ.


Гэхдээ Японы эрх баригч Либерал Ардчилсан намын зарим улстөрч Токио, Бээжингийн засаг захиргаа газар нутаг, хүний эрхийн асуудлаар маргаантай байгаа тул өвлийн наадмыг дипломат эсэргүүцэл үзүүлэхийг Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газраас хүсээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ