ЖДҮ дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломжийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-14 12:25:46

АСЕМ-ын Ази, Европын бизнесийн XV чуулга  уулзалт “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” салбар хуралдаанаар үргэлжилж байна.  

Тус салбар хуралдааныг Хаувей ХХК-ийн Төв Ази, Кавказийн бүсийн дэд ерөнхийлөгч Марко Су Шиаобао, Үндэсний зөвлөх төвийн гүйцэтгэх захирал Стеффен Креппел, Бизнес Европын захирал Луис Сантос нар удирдаж байна. Салбар хуралдааны үндсэн илтгэлийг МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн, эдийн засагч Профессор Ч.Хашчулуун, Солонгосын ЖДБ-ын судалгааны төвийн хэлтсийн дарга Жун Хо Ли нар тавив. Хуралдаанаар эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын сэлбэг, хэрэгслийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцаа, ЖДҮ дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж ба бэрхшээлийн талаар төлөөлөгчид санал солилцлоо. Тодруулбал төрөөс  ЖДҮ-ийг дэмжиж замаар техник, тоног төхөөрөмжийн импортыг татвараас чөлөөлөх, хүү багатай зээл олгосноор эдийн засгийг дэмжинэ гэдгийг төлөөлөгчид онцолж байв. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид ганцаараа биш багаар ажилласнаар үйлдвэрлэл тэлж бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр зах зээл өргөжиж ЖДҮ эрхлэгчид нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэдэгт оролцогсод санал нэгтэй байна.

 Яг одоо Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил салбар хуралдаан болж байна. Эл хуралдаанаар хөрөнгө оруулалтыг дэмжих, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон технологид хөрөнгө оруулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ