“Дэлхийд ганцхан босоо бичиг” үндэсний бичгийн танин мэдэхүйн тэмцээн болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-24 16:23:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “Дэлхийд ганцхан босоо бичиг” үндэсний бичгийн танин мэдэхүйн багийн тэмцээнийг зохион байгууллаа.

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, "Үндэсний бичигтэн аймаг" болох аяны хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамж, 01 тоот албан даалгавар, “Алтайн залуус” үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын дунд “Дэлхийд ганцхан босоо бичиг” үндэсний бичгийн танин мэдэхүйн багийн тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Утга соёлын нандин өв болсон үндэсний бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөх, өвлүүлэх, эзэмших, сурч судлах, хэрэглээг нэмэгдүүлэх, унших, бичих, сэтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн тус бүр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй гурван баг өрсөлдсөн юм.

Монгол Улсын Гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Өлзийсайхан, А.Өнөрмаа нар шүүн тунгааж, оролцогч багууд мэндчилгээ, үндэсний бичгийн хурдан уншлага, дүрс ялган бичих, сугалсан эхийг үндэсний бичиг рүү хөрвүүлэх,

оньсого таах, хэлц үгийн утга тайлбарлах гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний дүн гарахад “Тэргүүн” байрт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний баг шалгарч, “Дэлхийд ганцхан босоо бичиг” батламж, мөнгөн шагнал хүртсэн бол удаах байруудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн багууд шалгарлаа хэмээн ГБХЗХГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ