Чингэлтэй дүүрэгт 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-24 16:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх тавдугаар сургуулийн баруун талд байдаг 9 гараашийг буулган, газар чөлөөлж байна.


Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм.


Мөн эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд нь газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлжээ.




Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл хэлэхдээ, “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна” гэв.


Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ онд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлсөн байна.




Холбоотой мэдээ