Баянхонгор аймгийн наадмын хөтөлбөрийг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-13 22:12:07

 Ардын хувьсгалын 95 жилийн ой, Баянхонгор аймгийн баяр наадам энэ сарын 16-18-ны өдөр болно.

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 16-ны өглөөний 8 цагт Азарганы уралдаанаар эхэлнэ. Мөн өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болох бол Үндэсний сурын зурхайд харваа эхлэх юм байна. Харин удаах өдөр нь Их нас, Даага, Соёолонгийн уралдаан болох бөгөөд Морь барианы газарт Хүүхдийн “Тэмүүжин” театрын уран бүтээлчдийн тоглолт болно. Мөн тэнд Соёлын байгууллагуудын арга хэмжээ, аймгийн зураач, хувиараа хөдөлмөр эрхлэгч, урчуудын үзэсгэлэн худалдаа болох аж. Мөн үеэр аймгийн БТСГ-ын зааланд шагайн харваа эхлэх бол 17:30 цагт Баяр наадмын хүндэтгэлийн хурал, “Эх орон танаа” хүндэтгэлийн концерт аймгийн ХДТ-т болно.

 Хамгийн хачирхалтай нь, аймгийн Баяр наадмын гурав дахь өдөр буюу долдугаар сарын 18-ны өглөөний 09:00 цагт нээлтийн үйл ажиллагаа, оройн 21:00 цагт хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол болох юм байна. Мөн өдөр Үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа болох бөгөөд наадмын хаалтын үйл ажиллагааны дараа аймгийн Баганат талбайд “Хонгор нутгийн үдэш” цэнгээнт шоу, ёслолын буудлага болох юм байна.

Баяр наадмын өдрүүдэд аймгийн Түүх угсаатны музей, Байгалийн музей, Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн, Динозаврын парк ажиллана.

Холбоотой мэдээ