Алба хаагчдынхаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хяналт шалгалт хийжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-24 14:26:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК нийт 339 ажилчдынхаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хяналт шалгалт хийжээ.

"Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК-ийн дэд захирал Б.Наваан-Юндэн:

-“Эрчим хүчний компани нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах эрхэм үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ажилтан, алба хаагчид маань ямар нэгэн технологийн зөрчилгүйгээр дүрэм журмын дагуу цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ авч байна, үгүй юу гэдэгт хяналт шалгалт хийлээ. Энэ нь цаашлаад иргэдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх, цахилгаан эрчим хүчээ зөв зохистой хэрэглэхэд мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор дотоод  хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Шалгалтаар хэрэглэгчийн код, тоолуур, цахилгааны зүй бус хэрэглээ байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавилаа. Шалгалтын үр дүнд манай компанийн алба хаагчдаас дүрмийн ямар нэгэн зөрчил илрээгүй” гэдгийг онцлон хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: 

-"Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК нь зөвхөн Говь-Алтай аймаг бус Завхан аймаг, зарим сумдад цахилгаан эрчим хүч түгээдэг. Тэгэхээр хоёр аймагт нийт 339 ажилтан, алба хаагчидтай. Систем компаний ажиллагсад маань өнгөрсөн онд 98,5 төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харин 2021 оны 10 сар хүртэлх хугацаанд 109,2 сая ингэснээр нийт 207,8 сая төгрөгийг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болгон төлжээ” хэмээлээ. Энэхүү хяналт шалгалтыг улирал тутамд тогтмол явуулах аж.


Холбоотой мэдээ