Уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн сааруулах вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-11-12 15:57:39

ЛОНДОН. /BBC/. Шотландын Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх 26 дугаар бага хурлыг /COP26/ дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих сүүлчийн боломж гэж шинжээчид үзэж байна.


Гэхдээ гэрээ хэлэлцээр, түүхэнд дурсагдан үлдэх гэрэл зургуудаас гадна улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө ямар чухал алхмуудыг хийх шаардлагатай байна вэ?


  • Түүхий эдийг олборлохоо зогсоох

Нефть, хий, нүүрс зэрэг түүхий эдийг шатаах нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг нэмэгдүүлж, агаарын температурыг нэмэгдүүлж байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн аюултай үр дагавраас сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихад эхлээд Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг гаргах ёстой юм.


Гэвч Австрали, АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг нүүрснээс хамааралтай томоохон орнууд ойрын 10 жилүүдэд эрчим хүчний эх үүсвэрээс нүүрсийг үе шаттайгаар халах зорилго бүхий гэрээнд үсэг зурахаас татгалзаад байна.


  • Метан хийн ялгарлыг бууруулах

НҮБ-аас саяхан танилцуулсан тайланд дурдсанаар, метан хийн ялгарлыг бууруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулна.



Нефть, байгалийн хийг олборлох үед их хэмжээний метан хий ялгардаг бөгөөд үүнийг техникийн тусламжтайгаар зохицуулах боломжтой. Мөн метаны хийн гол эх үүсвэр болох хог хаягдлаас ялгарч буй хийг бууруулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.


COP26” бага хурлын үеэр 100 орчим улс орон АНУ, ЕХ-ны санаачилсан метан хийн ялгарлыг бууруулах үүрэг амлалтад нэгдсэн. Үүнд 2030 он гэхэд метан хийн ялгарлыг 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлжээ.


  • Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих

Цахилгаан, дулааны үйлдвэрлэл нь эдийн засгийн аль ч салбараас илүү хорт хий ялгаруулдаг. Иймд дэлхийн эрчим хүчний системд цэвэр технологи давамгайлах нь уур амьсгалын зорилтдоо хүрэхэд туйлын ач холбогдолтой.



Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилтдоо хүрвэл 2050 гэхэд салхи, нарны эрчим хүч нь эрчим хүчний үйлдвэрлэлд давамгайлж эхэлнэ. Гэхдээ тодорхой сорилтууд тулгарна.


Тухайлбал, салхи багатай байвал эрчим хүчний үйлдвэрлэл багасах хэдий ч цэнэг хураагуурын технологийг хөгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний нөөц бий болгох боломжтой.


  • Шатахуун, дизель түлшнээс татгалзах

Хүн төрөлхтөн хэтдээ хуурай газар, далай тэнгис, агаараар зорчих тээврийн хэрэгслүүдийнхээ хөдөлгүүрийг өөрчлөх шаардлагатай тулгарч байна.



Үүнд шатахуун, дизель хөдөлгүүртэй автомашинаа орхиж, цахилгаан тээврийн хэрэгслийг сонгох нь маш чухал. Мөн ачааны тэрэг, автобуснуудыг устөрөгчийн хөдөлгүүртэй болгох шаардлагатай.


Эрдэмтэд нисэх онгоцонд зориулсан шинэ, цэвэр түлшийг эрэлхийлж байгаа ч идэвхтнүүдийн хувьд нисэх онгоцонд суухаас аль болох татгалзахыг олон нийтэд уриалж байна.


  • Мод тарих

НҮБ-ын 2018 оны тайланд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын төлөө хэрэгжүүлэх бодит алхмаар агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахыг нэрлэжээ.



Ой мод агаар мандлаас CO2-ыг өөртөө шингээдэг тул идэвхтэн, судлаачид ойн хомсдлыг бууруулж, эх дэлхийгээ хамгаалахыг уриалсаар ирсэн. Иймд ой модыг олноор нь тарих санаачилгыг CO2-ын ялгарлыг бууруулах арга гэж үзэж байна.


Улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийн төлөө үүрэг амлалтад ой мод чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь хорт хийн ялгарлыг хамгийн боломжит байдлаараа бууруулсан тохиолдолд үлдсэн хийг ой мод гэх мэт нүүрстөрөгчийг шингээх хүчин зүйлсээр багасгах боломжтой юм.


  • Агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах

Агаар мандлаас CO2-ын ялгарлыг зохиомлоор арилгадаг юм уу ялгарахаас нь сэргийлдэг шинэ технологиуд үүнд голлох үүрэг гүйцэтгэнэ.



Дэлхийн хэмжээнд CO2-ын ялгарлыг бууруулах байгууламжуудыг хөгжүүлсээр байгаа бөгөөд үүнд Техасын “Carbon Engineering”, Швейцарын “Climeworks” зэрэг компаниудын байгуулсан үйлдвэрүүдийг дурдах нь зүйтэй. Эдгээр нь асар том сэнс ашиглан агаарыг CO2-ыг шингээх химийн шүүлтүүрээр шахах замаар ажилладаг байна.


Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах, цуглуулах өөр нэгэн арга нь нүүрсээр галладаг цахилгаан станцууд тэргүүтэй ялгаруулж буй “гол эх үүсвэр”-ээс нь цуглуулан авч, газар доор булах юм. Гэвч ийм технологи нь өртөг өндөртэйгээс гадна түүхий эдээс хамааралтай байдлыг хөхиүлэн дэмжинэ гэх шүүмжлэлд өртдөг байна.


  • Ядуу буурай орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх

Данийн нийслэл Копенхаген хотноо 2009 онд болсон НҮБ-ын бага хурлаар чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход нь хөгжиж буй орнуудад туслах үүднээс 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлэхээ амласан. Гэвч энэхүү амлалт товлосон хугацаандаа биеллээ олоогүй ч энэ удаагийн бага хурлыг даргалагчийн хувьд Их Британийн Засгийн газар 2023 он гэхэд уг санхүүжилтийг бүрэн олгох төлөвлөгөөг саяхан танилцуулсан юм.



Нүүрснээс хамааралтай олон оронд одоо эрчим хүчний ноцтой хомсдол нүүрлээд байгаа бөгөөд энэ нь “COVID-19” цар тахлын үр дагавраас сэргэх үйл явцад нь саад болж, ядуу иргэд хамгийн их хохирч байна. Улмаар ийм байдал нь хорт хий ялгаруулагч салбаруудаасаа хөндийрөх хугацааг хойш татаж байна.


Зарим шинжээчийн үзэж буйгаар, ядуу буурай орнуудыг ногоон эрчим хүч рүү шилжихэд нь санхүүгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэх шаардлагатай. Жишээлбэл, АНУ, ЕХ, Их Британи Өмнөд Африкийг нүүрсний хэрэглээнээсээ үе шаттайгаар татгалзахад нь 8.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа юм. 

Холбоотой мэдээ