Энхийг сахиулагчдын хоёр дахь цуваа эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-09 10:40:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэн  эх орондоо ирэв.


Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн энэ оны 10-р сарын 20-нд эх орондоо ирсэн бол хоёр дахь цувааны бүрэлдэхүүнийг тээвэрлэсэн онгоц өчигдөр газардлаа.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн, мөн өдгөө тэдний халааг авч, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажиллагааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэргүүтэй албаныхан БНӨСУ-д очиж зохион байгуулсан юм.




Энхийн үйлсэд хувь нэмрээ оруулсан тус цэргийн багийн дараагийн ээлжийн бие бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр хуваарьт өдрүүдэд эх орондоо ирнэ.


Өдгөө энэхүү ажиллагааны газар оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатаар ахлуулсан бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж эхлээд байна.

Холбоотой мэдээ