З.Тэгшжаргал: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудын гүйцэтгэл 100 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-05 14:48:34

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргалтай ярилцлаа. Тэрбээр сумынхаа өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлын явц зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Тариалан сум өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Манай сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж байгаа. Одоогоор мянган боодол өвс, 60 тонн эрдэнэшиш, мөн хужир, шүү нөөцлөөд байна. Үндсэндээ дор бүрнээ сум, орон нутагтаа өвөлжилтийн бэлтгэлийг базаах ажил эрчимтэй явагдаж байна. Төсвийн таван байгууллага халаалтад холбогдсон, дулааны хангамж, үйлчилгээ тасалдалгүй хэвийн явж байна. Энэ жил дулаан дамжуулах төвд шинэ зуух тавихаар бэлтгэл хийсэн. Харин төсвийн байгууллагуудын дулааны шугам, сүлжээ олон жилийн насжилтын улмаас хуучирч, засвар шинэчлэл хийх шаардлага бий. Албан байгууллагууд дотооддоо урсгал зардлаасаа засвар хийх боломжтой ч төсөв байхгүй байна.

-Энэ жил хэчнээн малчин өрх отроор өвөлжих вэ?

-Тариалан сум газар нутгийн хэмжээ бага учраас бусад сумын малчид оторлож өвөлжөөд байдаггүй. Малчид өнгөрсөн жилүүдэд Ховд, Өмнөговь, Бөхмөрөн сумын нутгаар отроор өвөлжсөн. Тухайлбал, Ховд суманд 20 өрх, Өмнөговь суманд 100 гаруй өрх отроор өвөлжсөн. Энэ жилийн тухайд отроор өвөлжих малчдын тоо эцэслэж гараагүй байна. Ямартай ч сумын хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мөн малчид өөрсдөө өвс, тэжээлээ бэлдэх, хашаа саравчаа засах зэргээр их ажил өрнөж байна.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл хэр байна?

-Энэ жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг багагүй хийж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудын гүйцэтгэл 100 хувьтай байгаа. Тухайлбал эрүүл мэндийн төвийн хашаа барих, эмнэлгийн хуучин байрны дээвэр засварлах, сумын эрүүл мэндийн төвд цусны диализийн аппарат нийлүүлэх, Дэнж хороололд ухаалаг худгийн төхөөрөмж суурилуулах зэрэг ажил хийсэн. Мөн спорт заалны барилгын ажлыг хийж байна.

-Цар тахалтай хэрхэн тэмцэж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд цар тахлыг дотооддоо алдахгүй байх, урьдчилан сэргийлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласны үр дүн гарсан. Тухайлбал Увс аймгийн ихэнх суманд халдвар бүртгэгдэх үед манай сум ганцаараа ногоон бүс хэвээр удаан явсан үе бий. Мэдээж улс орон даяар тулгамдсан асуудал болохоор одоо ч халдварыг хумих, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсээр байна. Өнгөрсөн 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр суманд халдварын гаралт эрс нэмэгдсэн бол одоо намжаад байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг халдварын нөхцөлтэй уялдуулан цахимаар зохион байгуулах арга хэмжээг авсан бол одоо танхимаар хэвийн хичээллэж байна.

-Тариалан суманд тулгамдаж буй ямар асуудал байна?

-Манай сумын иргэдийн зонхилох хувь нь мал аж ахуй, газар тариалан эрхлэн аж төрдөг. Энэ ч утгаараа тус салбарыг түшиглэн малчид, тариаланчдаа дэмжиж ажиллах нь чухал. Цаг үеэ дагаад хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, хэрэгцээт тоног төхөөрөмж нэн шаардлагатай байна. Тэр дундаа комбайн хэрэгтэй байгааг тариаланчид маань хэлж байгаа. Мөн гэрэл цахилгааны асуудлаас гадна сумын төвийг аймгийн төвтэй хар замаар холбох гэх мэт иргэдийн аж амьдралд тустай шийдвэрлэх зүйлс их бий.

-Иргэддээ хандаж юу хэлэх вэ?

-Мэдээж эрүүл мэнд чухал болохоор хүн бүр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, хариуцлагатай байхыг хүсье. Мөн малчдадаа хандаад өвлийг эрсдэлгүй даван туулахын тулд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалах байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ