Монгол, Оросын сэтгүүлчид 2 дахь удаагаа чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийн уулзалт Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр эхэллээ.
Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааны чуулган 2 дахь удаагаа болж байна. Энэ удаа Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” уриан дор Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” байгууллага болон Улаанбаатар дахь “Русский дом” төв зохион байгуулж байна.
Чуулганыг “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом” төвийн захирал А.Р.Базархандаев нээж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, гүйцэтгэх захирал Э.Болортулга нар, мөн хоёр орны сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо.
Чуулганаар Оросын Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга, тус холбооны Олон улсын хэлтсийн дарга Т.В.Тимур, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүлэгч А.В.Мешкова, МУБИС-ийн доктор Б.Наранбаатар нар хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавив.
Тухайлбал,
ОХУ-аас мэдээллийн "НТС Медиа холдинг", “Комсомольская правда” радио, сонин, мэдээллийн “Россия сегодня” төв, Эрхүү мужийн телевизийн "Тивиси" суваг, ОХУ-ын
Буриадын бүгд найрамдах улсын телевиз, мэдээллийн сайтууд, Оросын “Россия” болон "Тивиком" телевизийн
төлөөлөгчид, манай улсаас мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, МУИС, МБИС-ийн сэтгүүлзүйн
судлаач, багш эрдэмтэд, Орхон, Завхан аймгийн сэтгүүлчдийн төлөөлөгчид оролцож
байна.
Чуулганы үеэр МҮОНРТ, Монголын Үндэсний сайтын нэгдсэн холбоо зэрэг манай улсын хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан үзэсгэлэн нээжээ.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ