Ц.Чойжамц: Малчдыг хамтын амьдралын шинэ дадал хэвшилд сургах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-30 10:25:39

Хэнтий /МОНЦАМЭ/ The Nature Conservancy гэдэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Орон нутаг хариуцсан зохицуулагчаар ажилладаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Ц.Чойжамцтай хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцлаа.


-Юуны өмнө төслийнхөө талаар танилцуулаач?

-АНУ-д төвтэй энэ байгууллагын үйл ажиллагаа дэлхийн 70 гаруй орныг хамардаг. 2008 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал төсөл нь Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн сумдад хэрэгждэг бөгөөд өнгөрсөн сараас эхлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Батноров, Биндэр, Баян-Адарга сум энэ төсөлд хамрах болсон нь бидний хувьд сайшаалтай хэрэг.

-Та яг аль сумдыг хариуцан ажиллаж байна?

-Би Биндэр болон Баян-Адарга сум хариуцсан Орон нутгийн зохицуулагч. Энэ хоёр сум маань нийлээд 800 гаруй мянган га талбайг хамардаг,  нутаг дэвсгэр дээр нь 7000 орчим хүн, 480 орчим мянган толгой мал байдаг. Хөвч, хангай, тал хээр хосолсон энэ өргөн уудам нутаг эколологийн өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийн чухал элементүүдтэй. Байгалийн энэ их нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малчдын бэлчээрийн харилцааг зохицуулах нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд үүнийг шийдэх гарц нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал юм.

-Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал гэж юу болох талаар тайлбарлаач?

-Товчхондоо тухайн орчинд нь амьдарч байгаа иргэд өөрсдийнхөө амьдрах хүрээлэн буй орчныг хамтарч хамгаалах тухай ойлголт. Энэ харилцаа албан ёсоор хуульчлагдсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлэгт зохицуулснаар нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хүртэж байх үйл явцыг байгалийн нөөцийн хамтын менежмент гэнэ” гэж заасан. Энэ хамтын менежментийн үйл ажиллагаа нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал юм.

-Тэгэхээр иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулах шаардлага үүсч байна гэсэн үг үү? Нөхөрлөл хэдэн гишүүнтэй, ямар зохион байгуулалттай, онцлог ба давуу тал нь юу байх вэ?

-Тийм. Энэ нөхөрлөл бол Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл. Одоогоор байгуулагдсан нөхөрлөлүүдэд дунджаар 21 өрх хамрагдаж байна. Нөхөрлөл нь засаглалын хувьд даргатай, 3 буюу түүнээс дээш тооны гишүүн бүхий удирдах зөвлөлтэй, басхүү хяналтын зөвлөлтэй, бүх гишүүнийхээ оролцоотой хурлаар асуудлаа шийддэг ардчилсан зарчимтай байх юм. Нөхөрлөл үүсгэн байгуулахын тулд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэд үүсгэн байгуулах бүх гишүүдийнхээ хурлын шийдвэрийг гаргасныхаа дараа багийнхаа иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлнэ. Дэмжигдсэн бол сумынхаа ИТХ-д Менежментийн төлөвлөгөөг танилцуулж, нөхөрлөлийнхөө эзэмших газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж шийдвэрлүүлэн кадастрын зурагт оруулна. Улмаар сумын Засаг даргатай гэрээ байгуулан гэрчилгээ авдаг онцлогтой. Энэ нь эрхийн баталгаажилт болох бөгөөд ийнхүү эрхээ баталгаажуулсан нөхцөлд тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын зөвшөөрөлгүйгээр тухайн нөхөрлөлийн эзэмшилд хэн нэгэн ирж бэлчээрийг нь ашиглах,  ан гөрөө хийх, мод бэлтгэх зэрэг байгалийн нөөцийг нь ашиглах эрхгүй болно, үүгээрээ энэ маш том давуу талтай.

-Эрхийн баталгаажилт гэдэг ойлголтоо жаахан тодруулах уу?

-Үндсэн хуулийн 6.1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Нөхөрлөл байгуулаад, газраа эзэмшээд гэрчилгээгээ авсан тохиолдолд тухайн эзэмшил газарт хамаарах байгалийн баялаг нь жинхэнэ утгаараа иргэн хүн, ард түмний өөрсдийнх нь мэдэлд орж эрх нь баталгаажиж байгаа юм.

-Иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулахад танай төслийн зүгээс ямар оролцоотой вэ? Нэгэнт зохион байгуулалтад орсон нөхөрлөлийг цаашид хэрхэн дэмжиж ажиллах уу?

-Танилцуулга, мэдээллээр хангах, хуулийн мэдлэг олгох, зохион байгуулалтын болон арга ажиллагааны зохицуулалтыг орон нутгийн зохицуулагч нар байнга хийнэ. Төслийн зүгээс нөхөрлөлийг төлөвшиж чадавхжихад 3 үе шатаар дэмжлэг үзүүлнэ. Нэгдүгээрт: иргэд эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулах, хоёрдугаарт эрхээ баталгаажуулж, нөхөрлөлөө чадавхжуулах, гуравдугаарт орлогоо төрөлжүүлэх санал санаачилгууд гаргах, түүнийг нь дэмжих.

-Орлого төрөлжүүлэх санаачилга гэдэг нь? 

-Нөхөрлөл нь мал аж ахуйн үндсэн орлогоосоо өөр төрлийн эдийн засгийн орлого бий болгох хамтын санаачилга гаргасан нөхцөлд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх юм. Тэрхүү санаачилга нь гагцхүү байгалийн нөөцөд тулгуурлах, байгальд ээлтэй, удаан хугацаанд үр ашгаа өгөх, хуваарилалт нь гишүүддээ тэгш хүртээмжтэй байх, олсон ашгийнхаа тодорхой хувийг байгаль орчинд зарцуулдаг байх зэрэг шалгууруудыг хангах ёстой. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд төслийн зүгээс тус нөхөрлөлд санаачилгаа хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, арга ажиллагаа, технологийн болон бусад дэмжлэг үзүүлэх юм.

-Нөхөрлөлүүдийн ийм амжилттай жишээнээс дурдвал?

-Норовлин сумын Байгалийн нөөцийн хамтын менежментийн 4 нөхөрлөл зөгийн аж ахуй эрхлэх санаачилга гаргасан юм билээ. Норовлин сум нь балт цэцэг ихээр ургадаг бүс нутаг. Энэ тохиолдолд балт цэцэг нь зөгийн аж ахуй эрхлэх байгалийн нөөц болж байгаа юм. Тухайн 4 нөхөрлөл тус бүрд нь 25 бүл зөгийн дэмжлэг үзүүлж, зөгий өвөлжүүлэх зоорь барьж өгөхөөс гадна зөгийг хэрхэн маллах, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд сав баглаа боодол болоод стандартын ямар шаардлага хэрхэн хангаж ажиллах зэрэг арга ажиллагааны сургалт дэмжлэг үзүүлсэн юм билээ.

-Төслийн цаашдын хэтийн зорилго юу вэ?

-2030 он гэхэд Монгол Улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авахуулж байгалийн унаган тогтцыг нь хадгалж үлдэх зорилт бий. Үүний хүрээнд энэхүү төсөл нь 8 сая га газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахуулах, 3 сая га газар нутагт бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, 1500 малчин өрхийн амьжиргаа дээшилсэн байх стратеги зорилго тавьсан. Нөхөрлөл малчид орлогоо төрөлжүүлээд өрхийн эдийн засгаа сайжруулах нь сайн үр дүн, гэхдээ энэ бол тэдний үр дүн. Харин тэд олсон орлогоосоо байгаль орчинд зарцуулдаг, байгалийн нөөцөө зөв зохистой ашиглаад, хамгаалаад, нөхөн сэргээгээд явдаг хамтын менежментийн амьдралын шинэ дадалд суралцчихсан, цаашдаа биеэ даагаад энэ дадал хэвшлээ хадгалаад явдаг хандлага төлөвшчихсөн байх нь TNC байгууллагын үр дүн юм. Өөрөөр хэлбэл зөгийн аж ахуйгаа эрхлээд орлогоороо амьдралаа сайжруулахаас гадна олсон орлогоосоо мод тарьж ургуулаад цөлжилтийг саармагжуулахад хувь нэмрээ оруулж байвал энэ нь TNC байгууллагын төсөл хэрэгжүүлсний үр дүн. Малчдыг хамтын амьдралын шинэ дадал хэвшилд сургах зорилготой.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ