Олон улсын шатрын холбооноос хүмүүжигчдэд сертификат илгээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-29 16:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчдийн дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулсан.        


Тус тэмцээн энэ сарын 13-15-нд болсон бөгөөд АНУ, ОХУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги зэрэг дэлхийн 31 орны 43 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүмүүжиж буй 9 хүмүүжигч амжилттай оролцож аваргын алтан медаль хүртсэн юм. Уг тэмцээнд Зимбабве улсын баг дэд, ОХУ-ын баг гутгаар байр эзэлсэн юм.


Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагын тэргүүн Том Дарт нарын гарын үсэг бүхий СЕРТИФИКАТ илгээснийг хорих анги болон хүмүүжигчдэд гардуулж, баяр хүргэсэн байна.


Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг, Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 415, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчдын бэлтгэлийг хангах, тэмцээнд оролцуулах ажлыг зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ