Аялал жуулчлалын сэдвээр зарласан уралдаанд МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-29 10:34:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд нийт сэтгүүлчдийн дунд Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс зарласан шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгээр МОНЦАМЭ агентлагийн МОНТА студийн сурвалжлагч Б.Янжиндулам, тус агентлагийн орлогч дарга Ш.Батболд нар шалгарлаа.

 

Тус уралдаан цар тахлын дараах Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын мэдлэг ойлголт, ач холбогдлыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.

 

Шагналыг Аялал жуулчлалын хөгжлийн төвийн Инновацын хэлтсийн дарга О.Одгэрэл гардуулж хэлэхдээ, “Дэлхийн аялал жуулчлалын салбар сүүлийн 2 жил зогсонги байдалтай байгаа энэ үед сэтгүүлч сурвалжлагчид энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, аялал жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлж, дутагдалтай болон давуу талуудыг үнэлж цэгнэн гаргаж ирсэн тул та бүгдийн бүтээлийг онцолсон” гэв.

 

Тус уралдааныг “Аялал жуулчлал хөгжлийн шинэ гарц мөн”, “Ковидын дараах Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй”, “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” гэсэн сэдвийн хүрээнд хэвлэмэл болон цахим нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, видео контент бүтээх гэсэн төрлөөр зарласан байна. Уралдааны бүтээлийг хүлээж авах явцад телевизийн нэвтрүүлэг ба видео контент бүтээх төрөлд бүтээл ирээгүй учир хэвлэмэл болон цахим нийтлэлийн төрөлд бүтээл шалгаруулжээ.

 

Шагналыг “Мишээл экспо” төвд болж буй “Ай Ти Эм-Монголиа” олон улсын үзэсгэлэнгийн үеэр гардуулсан юм.


Холбоотой мэдээ