Агаарын хилийг тогтворжуулж нислэгийн тоог нэмэхийг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-27 13:10:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр, агаарын хилийг ирэх сараас тогтворжуулж, нислэгийн тоог нэмэгдүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарт даалгав. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Хил нээлттэй байгаа улс, орнуудтай хэлэлцээр хийж, хатуу дэглэм мөрдүүлэн нислэгийн тоо, давтамжийг нэмэх хэрэгтэй. Ялангуяа урд хөршийн хил хаалттай байгаа нөхцөл байдал удаан үргэлжлэх тохиолдолд, аль болох агаарын хилээр нислэгийн давтамж их байх нь зүйтэй" хэмээв. 


Мөн тэрээр Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.


"Иргэдийн дунд шүүмжлэлтэй байгаа давхар стандартыг гаргахгүйн тулд журмаа шинэчилж, шар, улбар шар түвшнээ тодорхойлох хэрэгтэй. Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувиас илүү гарсан үед хэрхэх талаар ДЭМБ-аас удахгүй зөвлөмж гарна. Тиймээс бид шар түвшин рүү орох шийдвэр гаргахад нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Орон нутагт ч ялгаагүй өөр өөр стандарт байж болохгүй. Амаргүй цагийг хамтдаа давж энгийн амьдрал руу өдрөөс өдөрт дасан зохицохыг иргэддээ уриалъя" хэмээн Ерөнхий сайд тодотголоо. 

Холбоотой мэдээ