Хөнгөн цагааны эрэлт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-27 10:49:23

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Дэлхийн зах зээлд хөнгөн цагааны эрэлт энэ оны эхний есөн сарын байдлаар анх удаа 12.8 хувиар нэмэгдсэн талаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр лхагва гарагт танилцуулсан Оросын "Русал" компанийн тайланд дурджээ.


2021 оны эхний есөн сарын байдлаар анхдагч хөнгөн цагааны эрэлт жилийн дунджаас 12.8 хувиар нэмэгдэж, 51.9 сая тонн болжээ. Хөнгөн цагааны эрэлт Хятадад хамгийн их буюу 8.5 хувиар өсөж, 30.3 сая тоннд хүрсэн бол бусад улс оронд 19.5 хувиар нэмэгдэж, 21.6 сая тонн болсон байна.


“Энэ нь гуравдугаар улиралд уул уурхайн компаниудад нөлөөлж буй эрчим хүчний тасалдал, барилгын ажлын удаашрал эрэлтэд нөлөөлсөн хэдий ч Хятадад эрэлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд ковидын өмнөх түвшинтэй ижил байгааг харуулж байна" гэж “Русал” компанийн  шинжээчид тайлбарлажээ.


Дэлхийн зах зээлд анхдагч хөнгөн цагааны нийлүүлэлт нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл өссөөр жилийн дундаж үзүүлэлтээс 5.4 хувиар нэмэгдэж, 50.8 сая тонн болжээ. Үүний зэрэгцээ Хятадад нийлүүлэлт 7.6 хувиар (29.4 сая тонн), дэлхийн бусад оронд 2.4 хувиар (21.4 сая тонн) нэмэгдсэн гэж тайланд дурдсан байна.


Ийнхүү дэлхийн хөнгөн цагааны зах зээлд есөн сарын хугацаанд оны эхний хагасын эрэлт нийлүүлэлтийн тэнцэлтэй харьцуулахад 1.1 сая тонн металлын хомсдол үүссэн гэж анхдагч хөнгөн цагаан, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох Оросын "Русал" компанийн тайланд дурджээ. 


Холбоотой мэдээ