Ховд хотын анхны туурь дээр Галдан хааны захиа, зарлиг бүхий хөшөө босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-26 14:54:22

Ховд /МОНЦАМЭ/. Тэртээ 1685 онд Зүүн гарын хаан Галдан бошгот Алтайн нурууг даван Ховд голын сав дахь Улаан харгана хэмээх газар цэргийн суурингаа байгуулж, суурьшиж байсан.   

Энэ нь нэгдүгээрт цэрэг стратегийн хувьд ар талын бааз, бэхлэлтээ бодсоных, нөгөөтэйгүүр газар тариалан эрхлэхэд тохиромжтой газрыг сонгосон гэж түүхчид үздэг.

Ингэснээр Ховд хотыг 1685 онд анх байгуулсан, хожим 1762 онд Манжууд Буянт голын хөвөөнөө нүүлгэн шилжүүлж, Манжийн засаг захиргааг тогтоож байжээ.   

Өөлд угсаатан энэхүү газрыг “Хэрэм” гэж нэрлэдэг. Тэгвэл жилээс жилд энэхүү хэрмийн туурь байгалийн жамаар бүдгэрч, Ховд хотын анхны туурийг энд байсан гэдэг түүх улам бүр мартагдсаар байгаа аж.

Иймээс Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Мянгад сумын харьяат, төр захиргааны ахмад ажилтан Чойжавын Бямбажавтай хамтарч, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд сумын ИТХ, ЗДТГ, Дөвөлжиний Чойжинжавын үр хүүхдүүдийн санхүүжилт дэмжлэгээр Галдан хааны захиа, зарлиг бүхий хөшөө босголоо.

Тус хөшөө нь Ховд сумын төвөөс 40 гаруй км зайд Улаан харгана гэх газарт байршиж буй.  

Энэ ажил нь цаашид эртний түүхт Ховд хотын онцлогийг шингээсэн олон бүтээн байгуулалт хийх, улмаар иргэдийн очиж үзэх ёстой түүхийн болоод аялал жуулчлалын нэгээхэн цогцолбор болж хөгжих эхлэл болоосой гэсэн зорилго агуулж байна гэж албаныхан хэлсэн юм. Мөн түүхийг хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд тус хөшөөний бүтээн байгуулалт чухал ач тустай.  


Галдан нь XVII зууны үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. Зүүн гарын хаант улсыг үндэслэн байгуулагч юм.

Түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 1676 онд Зүүн гарын хаант улсыг байгуулсан. Улмаар Ховд хотыг үндэслэн байгуулжээ. Улаангом, Ховдын орчим тариа тарьж, нутагтаа төмөр боловсруулан зэвсэг хийж байв. 

Галдан Зүүнгарын хаант улсыг байгуулсанд V Далай лам Галданд “Бошгот” цол өгсөн. 1678 онд хууль гаргасан нь Галдан хунтайжийн захиа зарлиг хэмээгдсэн байна.    

 

Холбоотой мэдээ