Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудыг хаягжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-20 19:32:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад угтах хаалга, мэдээллийн самбар байршуулж хаягжуулжээ.

Тус газрын 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар болон Чандмань сумын Эрдэнэ уул, Эрдэнэ сумын Зармангийн хоолой, Цагаан уул хайрхан, Зармангийн хоолой, Цогт сумын Баянтооройн бүрд, Цахир хаалга, Жанчхүүгийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай зургаан газарт иргэд, олон нийтэд зориулан угтах хаалга, мэдээллийн самбар, тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг НҮБ-ын Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. 

Уг ажлыг “Алаг царам” ХХК техникийн тодорхойлолтын дагуу тусгай хамгаалалттай газрын батлагдсан брэндбүүкэд нийцүүлэн гүйцэтгэсэн бөгөөд БОАЖГ, ENSURE төсөл болон сумдын холбогдох албан тушаалтнууд хүлээн авсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн нийт газар нутгийн 55.84 хувь /улсын тусгай хамгаалалттай газар нутаг 33,8 хувь, орон нутгийн тусгай хамгаалалттай газар 22,04 хувь/ тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдаад байгаа бөгөөд цаашид хамгаалалтад авсан зорилгыг биелүүлж, байгаль хамгаалалд нутгийн иргэдийг татан оролцуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулахад анхаарч олон ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна хэмээн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ