Н.Отгонбаяр: Аливаа бизнест өөрсдийн санал санаачилга, зогсолтгүй байдал хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-20 17:43:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. "Эрдэнэт хөгжил 2021" эдийн засгийн форум 2 дахь өдрөө амжилттай үргэлжиллээ. Чуулга уулзалтын дөрөв дэх хэлэлцүүлэг Гарааны бизнес, хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөж, амжилттай яваа бизнес эрхлэгчид туршлагаасаа хуваалцлаа.   


UBCab ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр- Гарааны бизнес гэж юу вэ? UBCab төслийн туршлага: 

UbCab төсөл старт апаас эхэлж өнөөдөр нийт 70 гаруй ажилтантай компани болж чадсан. Бид 2013 онд такси үйлчилгээний анхны аппликейшний хувилбараа гаргаж байсан боловч тухайн үед хүн бүр ухаалаг утас барьдаггүй, энэ талын мэдлэг дутмаг байсан учраас зөвхөн лавлах оператор компаниар дамжуулан такси үйлчилгээгээ явуулдаг байв.

Шинэ зүйлийг нэвтрүүлж мөс хагалж бизнес эрхлээд явахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь хууль, эрхзүйн орчны зохицуулалт байдаг. Такси үйлчилгээ, түүнийг дагалдаж бий болох үйлчилгээний  зохицуулалтыг Монгол Улсын хууль, эрхзүйн зохицуулалтад тодорхой зааж өгөөгүй учраас энэ төрлийн үйлчилгээг хийж болохгүй гэж хориглож байсан нь бидний хувьд хамгийн том бэрхшээл байсан. 2015 онд такси үйлчилгээний стандартад  өөрсдөө санал оруулж, хөдөлгөөнт төхөөрөмжөөр дуудлага өгч болох тухай заалт оруулж чадсанаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжтой болсон. Аливаа бизнест өөрсдийн санал санаачилга, зогсолтгүй байдал хамгийн чухал.

Одоо бид 6000 жолоочтой, 5 аймагт салбартай, такси үйлчилгээнээс гадна дуудлагын жолооч, хүргэлтийн үйлчилгээ зэргээр үйлчилгээний нэр төрлийг олшруулж, зах зээлээ тэлээд явж байна. Цаашид бид 21 аймагт салбараа нээх зорилготой.  


Эрдэнэт ШУТП ОНӨҮГ-ын захирал Ph.D Г.ЭНХБАЯР Гарааны бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлууд


Орхон аймаг гарааны бизнесийг дэмжих чиглэлд старт ап төслүүдийг ажлын байраар хангах, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүнээ худалдаалахад дэмжлэг үзүүлэх, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгох гэсэн 4 цогц арга хэмжээг авч ажилладаг. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид шалгарсан төслүүдийг ажлын байраар хангаж, дундын оффис байгуулах, гарааны бизнес эрхлэгчдэд бизнесийн сургалт, менежментийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж, нийт 800 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг олгоод байна.

 


Холбоотой мэдээ