Малчдын 183 хэсэг ажиллаж бэлчээр нутгаа хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-20 19:14:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн малчдад жил бүр олон удаагийн давтамжтай бэлчээрийн зохистой ашиглалтын тухай сургалтыг өгч байсан нь малчдын хандлагыг өөрчлөхөд түлхэц үзүүлжээ.

Тухайлбал сум бүрд байх “Бэлчээр ашиглагчдын холбоо” түүний хэсэг нэгжүүд хариуцлагатай ажиллаж малчид өөрсдөө байгальдаа ээлтэй ханддаг болсон байна. Мөн жил бүрийн бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд туссан газраа амрааж өнжөөдөг. Малын тоо толгойг хэт ихсэхээс тогтмол сэргийлж, менежменттэй ажилласан нь бодит бас мэдрэгдэхүйц үд дүн дагуулаад байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд 6.7 сая га талбайд бэлчээрийн зурган судалгаа хийж, амрааж өнжөөх ёстой 2.1 сая га бэлчээр нутгийг 24 суманд амрааж өнжөөжээ. Ингэж малын хөл оруулахгүй бэлчээрийн нутгийг амраах нь өвс, ургамлын ургалт сайжрах төрөл зүйл нь нэмэгдэх, хөрсний нягтаршил сайжирч үржил шим нь сайжирдаг гэж аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос мэдээлэв.

Бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сэргээхгүй бол элсэн цөл болох аюултай

Аливаа бэлчээрийн доройтол нь богино хугацаанд илэрдэг гэнэтийн өөрчлөлт биш. Харин ч урт хугацаанд аажимдаа үргэлжилдэг үйл явц байдаг.

Ерөөс бэлчээрийн доройтлыг дахин сэргэх чадавхаар нь таван түвшинд хуваан авч үздэг байна. Үүний эхний гурван түвшинд байгаа бэлчээрийн доройтол нь 1-10 жилийн хугацаанд дахин сэргээгдэх боломжтой байдаг бол дөрөв болон тавдугаар түвшний бэлчээрийн доройтол нь байгалийн унаган төрхөө алдаж, шим тэжээлгүй ургамлаар дүүрч. Хөрсний өнгөн хэсэг ус, салхиар алдагдаж, гуу жалга үүсэж байгалийнхаа аясаар дахин сэргэх боломж маш бага болдог учраас хөрсний үндсэн сайжруулалтыг цаг алдалгүй шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатайг эрдэмтэд цохон тэмдэглэдэг. Энэхүү таван түвшний бэлчээрийн сэргэх чадавх нь аль түвшинд байгаагаас хамаарч бэлчээр ашиглалтын хугацаа, горим, ачааллыг нарийн тооцон тохируулах нь хамгийн нарийн чимхлүүр ажил болдог.

Учир нь бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сэргээхгүй бол дахиж хэзээ ч эргэн сэргэхгүй элсэн цөл болох аюул нүүрлэдэг аж. Тиймээс Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн хүрээнд манай аймагт маш олон үр дүнтэй ажлууд хийсэн. Төслөөс бэлчээрийн доройтол, малын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, малчдын байгууллагуудыг чадавхжуулах олон ажил хийсэн юм. Төслийн хүрээнд аймгийн 22 суманд бэлчээр ашиглагчдын холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн холбооны анхан шатны нэгж болох баг бүрд 183 хэсэг ажиллаж байна. Одоо аймгийн 24 суманд малчдын дээрх тооны хэсэг нэгжүүд амжилттай ажиллаж бэлчээр нутгаа хамгаалж байна гэж Бэлчээр ашиглагчдын холбооноос тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ