Сурагчид тулгамдсан асуудлаа аймгийн засаг даргад захидлаар уламжилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-15 14:53:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нар их дээд болон ЕБС-ийн сурагчдад хүндэтгэлийн хичээл орж байна. Уг хүндэтгэлийн хичээлээр Дархан хотынхоо түүхэн хөгжлийн талаар харилцан ярилцаж хүүхдүүдийн санал бодлыг сонсох аж.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн ЕБС-ийн 7-12 дугаар ангийн есөн мянга гаруй сурагчдаас “Засаг даргад илгээх захидал”-ыг хүлээн авч байна. Аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ЕБ-ын 27 сургуульд 23600 гаруй сурагч суралцдаг. Өнөөдөр аймгийн Засаг дарга 1998 онд өөрийн төгссөн, Дархан хотын ууган сургууль болох нэгдүгээр сургуулийн дунд, ахлах ангийн сурагчидтай биечлэн уулзаж ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл, тулгамдсан асуудлыг нь сонсон, өөрийн чин сэтгэлийн зөвлөгөөг хүүхэд багачуудад өгсөн юм.

Нэгдүгээр сургуульд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6, 7 дугаар багийн 934 хүүхэд суралцдаг аж. Үүнээс 7-12 дугаар ангид 300 гаруй хүүхэд суралцаж байна. Тус сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид гэрэлтүүлэг, анги танхим, биеийн тамирын заалны засвар үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөх санал хүсэлтээ засаг даргад илэрхийлж байлаа.

Сурагчдын тавьсан санал, хүсэлтийг ирэх гурван жилд шат дараатайгаар хийж хэрэгжүүлэхээ энэ үеэр илэрхийлэв. Хийж хэрэгжүүлсэн ажил бүрээ тухайн жилийн хотын баяраар дүгнэх, сурагч, хүүхэд багачуудад тайлагнах аж.

Засаг даргын зүгээс "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгнө гэдгээ амлан хүүхэд багачууддаа Дархан хотын 60 жилийн ойн баярын мэнд хүргэн, цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ